Monday, April 19, 2010

Гурван баримал


Хөрш хоёр улсын хаад өөр хоорондоо дайтахгүй боловч төрсөн өдөр болон бусад баярын өдрүүдэд бие бие рүүгээ өвөрмөц сонин бэлэг явуулж, ухааныг нь шалгадаг байжээ.
Хаан нэгэн өдөр улсынхаа хамгийн алдартай уран барималчинг дуудуулжээ. Тэгээд түүнд:

"За барималч минь, би чамаар нэг сөөм өндөртэй, алтаар хийсэн, яг адилхан гурван хүн хөшөө хийлгэмээр байна. Гэхдээ тэдний хооронд энгийн боловч маш том ялгаа байх болно. Үүнийг чи бид хоёроос өөр хэн ч мэдэх ёсгүй" гэж хэлэв.

Уран барималчин ч богино хугацаанд хааны зарлиг ёсоор гурван хүн хөшөөг хийж дуусгав. Хаан тэднийг хөрш улсынхаа хаанд бэлэг болгон илгээхдээ нэгэн захиаг хамт илгээсэн байжээ. Тэрээр захиандаа:

"Танд төрсөн өдрийн бэлэг болгож энэ гурван баримлыг илгээлээ. Энэ гурав хоорондоо адилхан харагдаж байж магадгүй. Гэвч тэдгээрийн зөвхөн нэг нь л маш хүндтэй шагнал юм шүү. Түүнийг олохоороо надад мэдэгдээрэй" гэж бичсэн байв.

Бэлгийг хүлээн авсанхаан учрыг нь олохын тулд эхлээд гурвууланг нь жигнэж үзтэл яг адилхан байв. Аргаа барсан хаан улсынхаа урлаг соёлыг ойлгодог бүхий л хүмүүсийг дуудаж, тэднээр харуулж, шинжүүлсэн боловч харамсалтай нь хэн ч учрыг нь тайлж чадсангүй. Ийнхүү улс даяараа арга мухардан шаналж байтал хаант төрд тэрсэлсэн хэргээр гянданд хоригдож байгаа нэгэн залуугаас мэдээ иржээ. Энэ залуу оюун ухаан төгс нэгэн боловч хааны зарлигийг эсэргүүцсэн хэргээр хоригдож байгаа юмсанжээ. Залуу баримлуудыг сайтар ажиглаж үзээд тэднээс нарийн утас авчрахыг шаарджээ.

Тэрээр нэгдэх баримлын чих рүү утсаа хийтэл түүний амнаас нь гарч ирэв.
Хоёрдахь баримлын мөн чих рүү нь хийтэл түүний нөгөө чихнээс нь гарч ирэв.
Гуравдахь баримлын чих рүү нь хийтэл хаанаас нь ч гарч ирсэнгүй. Түүнд ердөө утас орох нарийхан нүхнээс өөр онгорхой нүх байсангүй. Учрыг нь олсонд хаан ихэд баярлаж, баримлыг илгээсэн хаанд хариу болгон захиандаа ийнхүү бичжээ.

"Чихээрээ сонссоноо амаараа гаргадаг хүн бол сайн хүн биш ээ. Нэг чихээрээ сонссоноо нөгөө чихээрээ гаргадаг хүн надад таалагддаггүй. Харин чихээрээ сонссоноо зүрхэндээ хадгалдаг хүн жинхэнэ сайн хүн мөн. Ийм эрхэм хүндтэй бэлэг явуулсан танд баярлалаа."

1 comment:

  1. WOW!!! Yaj ingej setgej hiij bnaaa....Uneheer goy story bnaa.....Nono^^

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.