Monday, April 11, 2011

Луужин ба цаг



Аав хүү хоёр ууланд гарахаар болжээ. Тэд анх удаа тэр ууланд авирах гэж байгаа бөгөөд оргил дээр нь гарах нь тэдний зорилго байв. Хүү уулын орой дээр байгаа нарыг хараад ааваасаа ингэж асуужээ.
-Аав аа, бид уулын оргилд хэзээ хүрч чадах бол? 
Аав нь газрын зураг, луужин хоёроо харан
-Миний хүү түүнээс илүү урдах замаа сайн харж явах хэрэгтэй гэв.
Замын хажуугаар өндөр өндөр мод их ургасан байсан тул замаа сайн мэдэхгүй байлаа. Нэг мэдсэн чинь төөрч орхисон байв. Хүү нь ихэд айж, юу ч хэлэлгүй луужингаа харан зүг чигээ шалгаж зогсох аавдаа уурлан
-Ингэж байгаад эндээс гарч чадахгүй болох гэж байгаа юм. Энд хэд хоносноо мэдэж байна уу? Аав аа, жаахан хурдан явъя. Хурдан алхаарай гэхэд аав нь баруун гараараа заан хүүдээ ингэж хэлэв.
-Хүү минь, зөв зүг энэ байна. Бид буруу зүгт явж байсан байна.
Тэд зүгээ өөрчлөн хэсэг алхсаны дараа зорьсон газартаа хүрч ирэв. Уулнаас буусны дараа эцэг нь хүүдээ
-Хүү минь, цаг хугацаанаас илүү чухал зүйл бол зүг чиг гэдгийг бүү мартаарай. Жаахан л буруудсан бол хоёулаа ууланд удаан төөрөх байсан шүү дээ гэж хэлээд луужингаа хүүдээ өгтөл, хүү нь гартаа байсан цагаа тайлж, аавдаа өгөнгөө
-Баярлалаа аав аа. Намайг өөрөө зүг чигээ зөв олдог болтол та үүнийг хадгалж байгаарай гэв.


Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...
READ MORE - Луужин ба цаг

Monday, January 31, 2011

Нялх хүүхэд



Залуу бүсгүй нялх хүүхдийн эгдүүтэй хөөрхөн царайг харан зогсоно. Буржгар шар үс, том цэнхэр нүд, жижигхэн улаан уруул нь яг л зураг шир харагдана. Бүсгүйн амьдралдаа харж байсан хүүхдүүдээс хамгийн өхөөрдөм хөөрхөн охин хүүхэд байв. Охины хацрыг хичнээн үнсээд ч ханамгүй, үнэрийг нь үнэрлэхийн тулд юугаа ч өгсөн багадах мэт санагдана. Гэнэт "Надад битгий хүр, намайг эрхлүүлэх эрх танд байхгүй" гэх дуу сонсогдов. Залуу бүсгүй цочин эргэн тойрноо харав. Хүүхэд тэр хоёроос өөр хэн ч байсангүй. Нөгөө дуу дахин сонсогдох үед нялх хүүхэд дээр очлоо. Ээ бурхан минь, дөнгөж төрсөн хэрнээ ярьж байна.
"Надад дахиж битгий ойрт, надаас холд" гэв. Бүсгүй учирлан "Би дан эрэгтэй хүүхдүүдтэй. Тэд ч гэсэн маш хөөрхөн. Гэхдээ охин хүүхэд илүү хайр хүргэм байдаг. Тийм болохоор чамайг үнсэхийг хүссэн юм" гэлээ. Тэгтэл охин "Үнсүүлмээргүй байна" хэмээн уйлж эхлэв. Бүсгүй гайхан "Яагаад?" гэж асуув. "Яагаад гэдгийг та өөрөөсөө асуу. Та мэдэж байгаа" гээд бүр чанга уйлав. Бүсгүй юу болсныг санах гэж оролдож байтал ухаан оров. Нүдээ нээгээд хартал эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Наркозноос болоод гэдэс нь хүчтэй өвдөж байв. Танил эмч нь бүсгүйд дөхөж очин "Хурдан эдгээрэй. Амийг чинь арай гэж аварлаа. Мартсанаас таны авхуулсан хүүхэд охин байсан шүү" гэж хэлэв. 
READ MORE - Нялх хүүхэд

Хэдийг төлөх вэ?



Өвлийн нэгэн хүйтэн орой гэр лүүгээ алхаж явтал өмнө минь согтуу бололтой нэг хүн явж байлаа. Хоёр тийшээ найган хөл дээрээ тогтож ядан явж байснаа замын хажуугийн шонгийн модноос тэврээд авав. Хажуугаар нь өнгөрөхдөө сайн харвал 30 орчим насны, цэвэрхэн хувцасласан нэгэн байв. Дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн зарим нь чанга дуугаар архи уусанд нь жигшиж, зарим нь элэг доог хийн хөхрөлдөж байлаа. Би дөхөж очоод "Та зүгээр үү? Би танд туслах уу?" гэж асуув. 
Тэр арайхын ёолон байж "Бие минь муу байна" гэж хэлэв. Юм бодох сэхэлгүй нэг гараараа нуруугаар нь тэврээд такси барихаар гараа өргөлөө. Такси баригдах нь өнгөрөв бололтой гэж бодож байтал ашгүй нэг такси ирж зогслоо. Жолоочид байдлаа хэлээд эмнэлэг рүү хурдан явахыг хүсэв. Эмнэлэгт хүргэж өгөөд анхны тусламж авч дуустал үүдэнд нь хүлээж байлаа. 
Жижүүр эмч гарч ирээд өвчтөнг наанадаж гадаа хөлдөхөөс нь урьтаж тусалсан байна гэв. Харин өвчтөн маань ярьж чадахгүй байсан учир бидэн рүү харан инээмсэглэлээ. Жолооч бас явалгүй хажууд хүлээж байв. Хэсэг хугацааны дараа өвчтөний бие нь тэнхэрч түүнийг гэрт нь хүргэж өгсөн юм. 
Өвчтөний эхнэр нөхрөө хааяа ухаан алдаж унадагийг мэддэг болохоор гэртээ ирэхгүй удахад нь санаа зовсондоо гэрийнхээ гадаа хүүтэйгээ хүлээж байлаа. Биднийг хараад гүйж ирэн нөхрөө тэвэрч авав. 
Олон цаг явж ядарснаас ямар ч ул мөр үлдсэнгүй. Бидэнд хэрхэн баярласнаа илэрхийлэхээ мэдэхгүй баярлаж байгаа тэр гэр бүлийг хараад нүдэнд минь нулимс цийлэгнэв. 
Сайн сууж байхыг хүсээд явах замдаа жолоочоос хэдийг төлөхөө асуулаа. Тэгэхэд жолооч толгойгоо сэгсрэн "Үгүй дээ, харин ч би танд өртэй боллоо. Энэ сайн үйлсдээ та намайг оролцууллаа шүү дээ. Бараг хорин жил уйлаагүй надад ийм сайхан зүйл байдгийг та надад санууллаа" гэв.
Сайхан сэтгэлтэй жолоочид талархсанаа илэрхийлээд цааш явахдаа өвлийн шөнийн хүйтэн жаврыг ажралгүй гэр лүүгээ алхаж харимаар санагдаж байв. Юмыг яаж мэдэхэв, тусламж хэрэгтэй нэгэнтэй дахин тааралдах ч юм билүү?


Сургамжит өгүүллэг 3-аас...
READ MORE - Хэдийг төлөх вэ?

Thursday, January 27, 2011

Таксины жолооч



Таксины жолооч машинд нь суух үйлчлүүлэгч хайн гудамжаар явж байлаа. "Хоёр, гурван хүн хүргэчихээд харихаас даа" гэж боджээ. Тэр бас их ядарсан байв. Машинаа хайр дүүрэн хараад дотроо баяртайгаар "Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа хөөрхий" гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад тэднийг өөртэйгөө харьцуулан "За би ч сайн яваа юм байна..." гэж бодлоо.
Цагаа харан "Ёооох, орой болсон байна. Нэг хүн гараад ирдэггүй юм байх даа. Хоосон сэлгүүцсээр байтал түлш дуусах нь" гэж бодов. Маргааш нь ахындаа очихын тулд эрт босох ёстой учраас эртхэн харих хэрэгтэй байлаа. Даанч юм бүхэн хүссэнээр болох биш дээ. Ахынхаа тухай бодож, түүний төлөө санаа нь зовнин "Ах минь дээ, мөрийтэй тоглоомыг яагаад ч хаяхгүй юм даа, ингэж яваад өрөнд унавал ч цаадуул чинь ч таныг өршөөхгүй байлгүй дээ" гэж бодон гүнзгий гэгч нь санаа алдав. "Та намайг өнөөдөр л мөнгө олоод өг гээд байсан, тэр мөнгө нь бараг олдохоосоо өнгөрөв бололтой. Маргааш өглөө л хүн хараас хэдэн төгрөг олоод тандаа аваачиж өгөөд өрнөөс чинь салгаж, санааг чинь нэг амраая даа. Энэ янзаараа байвал та өөрийгөө ч, ар гэрийнхнийгээ ч үгүй хийх нь дээ..."
Ийнхүү бодлогшрон явж байтал замын хажууд гараа өргөн зогсож буй нэг хүнийг олж хараад ихэд баярлажээ. Тэр хүн машинд суумагцаа л сандарч аахилсаар "Түргэлээрэй хүү минь, энэ дундуур ороод ийшээ" гэхэд жолооч хэн нэгний бие нь муудаж, түүнийг эмнэлэгт хүргэх юм байна гэж ойлгосон ч түүний яриаг үргэлжлүүлэн сонсоод тээршааж эхлэв. Нөгөө хүн "Бурхан минь гэж, аймшигтай юм аа, тэр хүнийг бүр дөрвөн удаа хутгалчихсан байна. Ямар нэгэн зүйл хийхгүй бол тэр хүн цус алдан үхэж мэдэхээр байна. Ядаж байхад хэн ч туслахгүй юм. Цугласан хүмүүс харж зогсохоос өөр зүйл алга" гэж ярихыг сонсоод жолоочийн дотор нь эвгүйрч "Машин минь тэр чигээрээ цусан далай болох нээ" гэж бодлоо. Нөгөө хүн үргэлжлүүлэн "Бодоод үз л дээ, хүн цус алдаад үхэх гэж байхад хоёр машин авалгүй тэндээс зугтаад явчихсан. За бараг ирчихлээ. Нөгөө шархтай хүн маань тэр олон хүний дунд байгаа" гэхэд жолооч намуухан дуугаар "За тэр хүнээ аваад ир. Би машинаа эргүүлээд тавьж байя. Цаг алдаад яахав" гэжээ. Нөгөө хүн ч зөвшөөрөн машинаас бууж цугласан олонд "Алив зам тавиарай, би машин аваад ирлээ" гэж хашхирав. 
Нөгөө хүн шархтай хүн дээр очиж амжаагүй байтал түргэн гэгч нь тэндээс холдож буй машины дууг сонсоод зог туслаа. Дугаараа хүртэл нуух санаатай гэрлээ унтраан зугтаж буй машиныг харсаар хоцров. Түүний сэтгэл үймэрч, уйлагнасан дуугаар "Бурхан минь... Бурхан минь... Яагаад ийм хүн чанаргүй байдаг байна аа?" хэмээн сөхрөн уналаа. 
Таксины жолооч сүүлийн удаа толиндоо эргэж хараад өөрийг нь хараан зүхсээр үлдсэн хүмүүсийг тоосон шинжгүй хурдаа нэмлээ. "Надад ер нь ямар хамаатай юм бэ? Шархтай хүнийг аваад машин тэргээ завааруулаад сууж байх зав хаана байна вэ? Өөр машин олно биз. Одоо ингээд өөр машин олдох байлгүй" хэмээн өөрийгөө тайвшруулан халааснаасаа нэг гадаад тамхи авч татаж эхлэв. Түүгээр зогсохгүй дотроо даажигнасан аястай "Тэрийг хэн газрын мухарт ирж хэвт гэсэн юм. Эмнэлгийн үүдэнд хутгалуулъя гэхгүй" хэмээн хэлэхдээ амандаа зуусан тамхиа харан "Бид ч арчаагүй улс юм аа. Энэ тамхийг үйлдвэрлэдэг улсын ард иргэд нь энэ хорыг өөрсдөө татахгүй байхад бид худалдаж аваад хордож л байдаг. Манайхан ч үүнийг хорихгүй юм. Тэдний ч зөв байлгүй дээ. Бид авахаа боливол хэндээ зарах билээ дээ. Ээ хөөрхий, тамхи ийм үнэтэй байхад газар дээрээ зарагдаж байгаа ногоог хүн авахгүй байна гэнэ" гэж бодон явж байтал бас нэг хүн гараа өргөн зогсож байлаа. "Үйлчлүүлэгч гэдэг чинь ийм л цэвэр цэмцгэр хувцасладаг юм. Илүү хөлс ч өгч мэднэ" хэмээн амандаа бувтнав.
Таксины жолооч тэр орой хэд хэдэн хүнд үйлчлээд сэтгэл амар гэрийн зүг явав. Гэртээ дөхөн ирээд гэрийнх нь үүдэнд хүлээн зогсож буй хүмүүсийг харлаа. Юу болсон юм бол гэж хэсэг гайхширснаа, ямартай ч машинаа гаражид хийе гэж шийдэв. Гэтэл түүний хөрш түүнд "Машинаа хийгээд хэрэггүй байх аа. Одоо явах хэрэг гарах нь" гэв. Тэр маш их гайхан эхнэр хүүхдүүд дээрээ дөхөн очоод юу болсныг асуухад эхнэр нь түүнийг тэврэн уйлж, "Ах чинь өнгөрчихлөө" гэжээ. Жолооч залуу учиргүй чичрэн 
-Ах минь гэв үү? Яаж тэр вэ?
-Хутгалуулчихсан гэнэ. Цус алдан нас барсан байна.
Эхнэрийнхээ хариултыг сонсох үед тэнгэр газар ниргэх шиг болов. Машиныхаа гэрлийг унтраан зугтсан гудамж, цугласан олон түүний нүдний өмнүүр өнгөрөх шиг боллоо. Тэр тусмаа тэр олон хүний дунд хэвтэж байсан танил царай өөр рүү нь харах шиг болоход жолооч өөрийн эрхгүй ухаан алдан унажээ.  


Сургамжит өгүүллэг 3-аас...

READ MORE - Таксины жолооч

Thursday, January 20, 2011

Үнэгүй хайр



Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хүргэм гүйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хүнийг мартаж болохгүй. Тэр хүн бол тогооч, зарц, үйлчлэгч, үсчин, гоо сайханч, нарийн бичиг гээд энэ бүх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ. Том эгчийн ажилдаа өмсөх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж өгнө. Бага эгчийн үс гэзгийг ороож маяглахад нь тусална. Бүх гэрийнхний өглөөний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хөлд ороогүй мөлхөө над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримттай хавтсаа мартчихсан, гээчихсэнийг нь ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашхирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нөгөө өрөөөнөөс бага эгч индүүдсэн өмдөө асууна. Мөнөөхөн л ээж түүнийг нь хэзээ ч юм индүүдээд бэлдчихсэн байснаа авчирж өгнө. Хачирхалтай нэргүй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгүй. Бүгд л их л чухал царай эсгэн хөмсгөө зангидан яарч байснаа хаалга тасхийтэл хаан гарч одно. Араас нь ээж нь "Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо аваарай, малгайгаа мартлаа" гэж хашхирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гүйж гарна.

Ингээд нэг юм өглөөний бужигнаан дуусаж ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс төгсгөл гэж үгүй. Хөтөвчин дээрээ сууж залхсан би часхийтэл хашхиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлүүлнэ гэсээр ээжийн минь үнэт цагаас нэлээн хэсэг нь явчихна. Үдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир түүнээс өмнө гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас хүнс цуглуулна. Ээж минь баадуутай юм шиг нүдний өмнө борви бохисхийлгүй ажиллана. Харж суусан би өмдөндөө хүндэрч хөнгөрөхгүйг хичээн өөрийгөө зугаацуулна. Ядахад цэвэрлэж эмхэлснийг би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж ажилласаар... Үдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хүлээсэн авч утсаар залгаад "Ажилтай" гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хүлээн хөрнө. Ээж урамгүйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгүй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан ороогүй учир дэмий дотроо бодохоос цаашгүй. 

Ээж бол миний хувьд бүхий л хорвоо ертөнц. Намайг ангир уургаараа амлуулж, халуун энгэртээ тэврэн бүүвэйлж, энхрийлэн хайрладаг хүн бол ээж. Ээжийнхээ зөөлөн гар, уянгалаг хоолойгоор би ертөнцийг таньж эхэлсээр. Гэвч бид хоёрын хамт байх цаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс төгсгөлгүй ажил туйлдаа хүрнэ. Ажил тарах цагаар баахан ууртай, өлсгөлөн хүмүүс орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голж шилнэ, зарим нь ирэхгүй оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хүлээсээр... Өнөөдөр гэхэд л ахыг ирэхийг хүлээгээд цонхоор нүдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан хөтөвчнөөсөө босож, алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгүй бол загнахсан гэж хүснэ. Даанч би дэндүү балчир, дэмий л ээжийгээ өрөвдөн харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертөнц намайг дийлээд нэг мэдэхэд унтчихсан байна. 

Ингээд нүдээ нээхэд бас л нэг өглөө. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг үүр шөнөөр ирэн иртэл хүлээж нойр муутай хоноод бүгдээс эрт боссон нь илэрхий. Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангүй. Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бүхнийх нь хариуд баярлалаа гэж ганц хэлчих хүн байсангүй. Нэг л их завгүй хүмүүс тус тусын хэрэгтээ яаран ээжийг минь үнэгүй зарцын дайтай ч үзэхгүй, талархах нь үгүй гэхэд ойлгох ч үгүйд нь миний уур хүрнэ. Бас нэгэн өглөө урьдын адил ард үлдлээ. Гэхдээ бүх зүйл дандаа ийм байхгүй. Ядаж би өдрөөс өдөрт өсөж торнин байгаа нь нэг өөрчлөлт. Би хэлд ороод хамгийн түрүүнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ ээ.

Бодлыг минь таасан юм шиг ээж намайг тэврэн өргөөд энхрийлэн үнслээ. "Миний зулдага л надад хань болох юм даа" гэж ээж санаа алдана. Би сэтгэл дотроо "Ээж ээ, би танд хайртай. Аминаасаа таслан төрүүлээд, миний төлөө амьдарч, бие сэтгэлээ харамгүй өгдөг тандаа баярлалаа" гэж хашхирна. Ээж минь чихээрээ биш ч сэтгэлээрээ сонсон мэдрэх шиг намайг улам дотноор тэврэхэд халуун илч биеийг минь төөнөх мэт. Энэ хорвоод хамгийн түрүүнд мэдэрдэг, насан туршид үл хувирах хамгийн үнэнч, хамгийн агуу хайр бол эхийн хайр. Үнэгүй авчихаад төлж дуусдаггүй асар их өртэй хүмүүс билээ бид. "Ээж ээ, хүү нь удахгүй том болно оо. Тэгээд тэр нэгэн үгийг тандаа заавал хэлнэ. Баярлалаа."


Зохиогч: Т. Хонгорзул
READ MORE - Үнэгүй хайр

Monday, January 10, 2011

Ганцхан удаа


Баасан гарагийн орой ёс юм шиг орох дуртай уушийн газар хүнээр пиг дүүрсэн учир уушиг зүрхээ нээн шавайгаа ханатал ярилцах гэсэн бидний хэдэн найз бүсгүйчүүд урамгүйхэн өөр газрыг зорилоо. "Үнэтэй юм биш үү" гэж найз хүүхнээ нэг нудартал, зүгээрээ гэж харцаараа намжирдчихаад бөгсөө хаялан гоёмсог шилэн хаалгаар яваад орчихов. Мах гурил авна, талх авна, оо дууссан харагдсан гэж бодсоор түрийвчиндээ байгаа хэдэн төгрөгөө ягштал тооцон өөртөө итгэлгүйхэн араас нь дагалаа. Харваас бэл чинээтэй, халаас зузаан хүмүүс зорьдог нь илт, бүдэгхэн гэрэлтэй хэрнээ тохилог орчинтой тансаг танхимд хөлөө зөөж ядан бүлтгэнэн орохдоо анх удаа өмссөн зүүснээсээ ичих сэтгэл төрж, найз хүүхнүүдтэйгээ хүртэл харьцуулах бодол ургалаа. Уянгаагийн хумс нь хүртэл гялтганан гялалзаж, бэлхүүсийг нь яг барьсан хар бүстэй даашинз нь залуу охин шиг жавхаатай харагдуулж, үнэтэй будаг шунх хэрэглэсэн нүүр нь гялалзаж, ойртох бүр сүрчигний үнэр ханхийж, урт хар үс нь мөрийг нь даван доргиотно. Гэтэл нас чацуу би дотроо өөрийгөө түүнээс хамаагүй царайлаг гэж дүгнэдэг боловч үнэн хэрэгтээ илүү гэр шиг өнгө муутай харагдаж байгаагаа мэдэрнэ. Угааж цэвэрлэхээс биш гоо сайхан энэ тэрийг үзээгүй гар минь мойнийчихсон ч юм шиг, ганц сайхан зурагт гэртээ авч тавья даа гэж гүрийсээр хэдэн сар солиогүй хувцас минь гундуухан ч юм шиг, нүдний минь харц ч амьдралын аар саард түүртэн гал нь бөхөж орхисон мэт. Санаа алдаад би гурван хундага архи угсраагаар нь дугтарчихлаа. Нөхөртэйгөө сууснаас хойш би эдээр эс боловч, сэтгэлээрээ баян амьдарсан минь үнэн. Хоёр биенээ гэсэн халуун сэтгэл, хайр дурлалаас өөр өмчгүй амьдралаа тэгээс эхэлсэн бид хоёр энэ хэдэн жил идэх өмсөхөө арвилан хэмнэн зүтгэсээр айлын дайтай айл болсон билээ. Нөхрөө би баян тансаг амьдралд умбуулсангүй гэж нэг ч удаа зэмлэж үзээгүй. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй зүтгэж яваа хань минь эвий гэж энхрийлж л боддог. Даанч өнөөдөр би чинь эмэгтэй хүн шүү дээ бусдаас юугаараа дутах юм гэсэн нэг бяцхан атаач бодол дотор хорсгоод байгаа байдалдаа жаахан гомдох шиг. Хэсэг суутал найз хүүхэн нударч байна. Хүүшээ чи хар даа гэж нэг л чухлыг хэлэх мэт түгшүүртэй дуугарахад нь заасан зүгт нь яаран хартал зүрх минь чулуун шалан дээр унаад хэдэн хэсэг бутрах шиг л боллоо. Даанч яав даа чи минь, нүдийг минь нулимс бүрхэж, гар минь чичрэн, урдаа байсан нэг хундагатайг нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Авааль нөхөр минь арван хэдтэй болов уу гэмээр годгор охин тэвэрчихээд нүдээрээ баяр баясгалан тодруулан маадгар алхана. Миний арвилан хэмнэх гэж ядахдаа троллейбусанд чихэлдэн ядардаг хэдэн төгрөг энд түүний гарын салаагаар урсана. Нулимс, гомдол хоёр хацар даган задгай урсаж, сэтгэлийн хөндүүрээ дарж дийлэхгүйдээ шууд хувцсаа аван гэр лүүгээ зүтгэлээ. Гутрах, гомдох, ичих, уурлан хорсох энэ бүхнээс гомдол нь хамгийн их жин даран цээж өвтгөнө. Гэртээ хариад өвдгөө тэврэн сууж хүлээлээ. Чаддагаараа муу нулимс минь л нүдийг минь улцайж хавдтал чимээгүй урсана. Хэдэн ч цаг суув мэдсэнгүй үүр цайхны алдад хаалганы түгжээ аяархан торхийж, орж ирэх нь дуулдана. Орон дээрээ өвдгөө тэврэн сууж, улайсан цоргитол ширтсэн намайг хараад цочсоноо газар ширтэн дуугүйхэн хувцсаа тайлж эхэллээ. Цамцаа сандал дээр шидэж, өмдөө газар хаяад, оймсоо тэр чигт нь чулуудахад нь өнөө хүүхнийхээ хувцсыг нямбайлан эвхэж тавьсныг нь санахаас босож очоод аль муугаар нь дуудан чарлаж, хаа тааралдсан газар нь зодож нүдэн уур бухимдлаа утаа болгон гаргаж нэгийгээ үзмээр бодогдоно. Сэтгэлдээ бол би түүнийг түмэн хэсэг болгон цавчиж, хайрлаж өнгөрүүлсэн өдөр болгоныхоо тоогоор дэвсэж хаямаар санагдана. Гэвч гар хөдөлсөнгүй, хэл хөшсөн мэт би дуугүй суусаар л... Тэр чив чимээгүй хажуугаар ороод цаашаа харан унтаад өглөө. Маргааш, нөгөөдөр түүний цаад өдрүүд урьдын адил хэвээр үргэлжилнэ. Харин би түүнтэй нэг ч үг дуугарсангүй. Тэр өдрөөс хойш би хувцсыг нь угааж, хоолыг нь хийсэн ч амаа нээлгүй харь танихгүй хүн мэт түүнтэй харьцав. Миний нулимс дуусаад, зүрх царцчихсан юм шиг. Тэр дахиж оройтсонгүй, цагтаа ирнэ. Гэмтэй гэдгээ мэдсэн юм шиг намайг царайчлан урдуур хойгуур бөндөгнөнө. Намайг тэр бусдын эхнэр шиг цамнан цовхчиж, хэрүүл уруул хийнэ гэж бодсон ч эсрэгээр эргэсэнд гайхаж эхэндээ баярлаж байснаа сүүлдээ айх болжээ. Би ганцаараа байхдаа дуу аялан, сэтгэл минь хачин ихээр хөнгөрсөнд өөрөө ч гайхаж, өөрийгөө ганц бие болсон мэтээр төсөөлж, мөнгөө хэрхэн өөртөө зарцуулах, өөрийгөө зугаацуулах талаар бодно. Би орой бүр шөнө оройтож ирэвч хүлээж суух нөхөр минь зэмлэж чадахгүй гөлөлзөн сууна. Би олсон, хадгалснаасаа шинэ хувцас авч, гоо сайхан, массажинд орж, найзуудтайгаа цэнгэн наргиж, хаашаа ч явсан такси хөлөглөн сүнгэнэнэ. Харин бидний дунд бат гэгчийн чулуун хэрэм өдөр ирэх тусам зузааран өндөрсөнө. Сар боллоо. Хоёр сар боллоо. Би бахь байдгаараа чулуун хөшөө мэт таг дүлий царайлан амьдарсаар. Бид хоёр зүгээр л нэг гэрийг хуваан амьдарч байгаа хөндлөнгийн хүмүүс мэт байлаа. Тэр энэ зуур ярилцах гэж гуйлаа, архи ч уулаа, тэнэж алга боллоо, сүүлдээ шалдаа буун гуйж гувшлаа би тоосонгүй. Хөлөөс минь зууран гуйх түүнийг би түлхэж орхиод гэрээс гаран одлоо. Үүрээр намайг халамцуу ирэхэд тэр яг над шиг унтаж чадалгүй сэлхэрсэн нүдээрээ өрөвдөлтэй ширтэн орон дээрээ сууна. "Ганцхан удаа шүү дээ" гэж тэр өрөвдөлтэй дуугарлаа. Хоолны давс ихдэж хэмээн уурладаг байсан том дуу нь цаашаа ороод өрөвдөлтэй гонгинох нь дур гутам. Би үг дуугүй хувцсаа баглаж эхэлтэл, тэр өвдгийг минь тэврэн жаахан хүүхэд шиг мэгшин уйллаа. Би түүний уйлахыг анх удаа харсан минь тэр. Гэр бүлийн минь ноён нуруу тэнд хугарах шиг санагдаж билээ. Би бөхийн сууж толгойг нь энгэртээ наан, ууч зөөлөн сэтгэлээр түүнийгээ би өөрөө л буруутан мэт аргадахад халуун нулимс нь энгэр нэвтэлж байсансан. Унаж хагарсан ваарыг эвтэйхэн эвлүүлэн наагаад, өнгөлөн будахад шинэ юм шиг гялалзан байвч хэзээд зөөлөн болгоомжтой хандаж, газар унагалгүй энхрийлж, халуун зүйл хамаагүй хийлгүй санаж сэрэмжилж явмаажин, ваар урьдын адил бүрэн бүтэн харагдана. "Ганцхан удаа" унагавал хагарна. Ганц удаагийн уналтаар бүр эвлүүлэх аргагүй бутарч мэднэ. Халуун сэтгэлийг сэвтээхэд ганц удаа хангалттай. Миний уучлал ч гэсэн "ганцхан удаа" байсан юм.


Зохиогч Т. Хонгорзул
READ MORE - Ганцхан удаа