Thursday, January 27, 2011

Таксины жолооч



Таксины жолооч машинд нь суух үйлчлүүлэгч хайн гудамжаар явж байлаа. "Хоёр, гурван хүн хүргэчихээд харихаас даа" гэж боджээ. Тэр бас их ядарсан байв. Машинаа хайр дүүрэн хараад дотроо баяртайгаар "Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа хөөрхий" гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад тэднийг өөртэйгөө харьцуулан "За би ч сайн яваа юм байна..." гэж бодлоо.
Цагаа харан "Ёооох, орой болсон байна. Нэг хүн гараад ирдэггүй юм байх даа. Хоосон сэлгүүцсээр байтал түлш дуусах нь" гэж бодов. Маргааш нь ахындаа очихын тулд эрт босох ёстой учраас эртхэн харих хэрэгтэй байлаа. Даанч юм бүхэн хүссэнээр болох биш дээ. Ахынхаа тухай бодож, түүний төлөө санаа нь зовнин "Ах минь дээ, мөрийтэй тоглоомыг яагаад ч хаяхгүй юм даа, ингэж яваад өрөнд унавал ч цаадуул чинь ч таныг өршөөхгүй байлгүй дээ" гэж бодон гүнзгий гэгч нь санаа алдав. "Та намайг өнөөдөр л мөнгө олоод өг гээд байсан, тэр мөнгө нь бараг олдохоосоо өнгөрөв бололтой. Маргааш өглөө л хүн хараас хэдэн төгрөг олоод тандаа аваачиж өгөөд өрнөөс чинь салгаж, санааг чинь нэг амраая даа. Энэ янзаараа байвал та өөрийгөө ч, ар гэрийнхнийгээ ч үгүй хийх нь дээ..."
Ийнхүү бодлогшрон явж байтал замын хажууд гараа өргөн зогсож буй нэг хүнийг олж хараад ихэд баярлажээ. Тэр хүн машинд суумагцаа л сандарч аахилсаар "Түргэлээрэй хүү минь, энэ дундуур ороод ийшээ" гэхэд жолооч хэн нэгний бие нь муудаж, түүнийг эмнэлэгт хүргэх юм байна гэж ойлгосон ч түүний яриаг үргэлжлүүлэн сонсоод тээршааж эхлэв. Нөгөө хүн "Бурхан минь гэж, аймшигтай юм аа, тэр хүнийг бүр дөрвөн удаа хутгалчихсан байна. Ямар нэгэн зүйл хийхгүй бол тэр хүн цус алдан үхэж мэдэхээр байна. Ядаж байхад хэн ч туслахгүй юм. Цугласан хүмүүс харж зогсохоос өөр зүйл алга" гэж ярихыг сонсоод жолоочийн дотор нь эвгүйрч "Машин минь тэр чигээрээ цусан далай болох нээ" гэж бодлоо. Нөгөө хүн үргэлжлүүлэн "Бодоод үз л дээ, хүн цус алдаад үхэх гэж байхад хоёр машин авалгүй тэндээс зугтаад явчихсан. За бараг ирчихлээ. Нөгөө шархтай хүн маань тэр олон хүний дунд байгаа" гэхэд жолооч намуухан дуугаар "За тэр хүнээ аваад ир. Би машинаа эргүүлээд тавьж байя. Цаг алдаад яахав" гэжээ. Нөгөө хүн ч зөвшөөрөн машинаас бууж цугласан олонд "Алив зам тавиарай, би машин аваад ирлээ" гэж хашхирав. 
Нөгөө хүн шархтай хүн дээр очиж амжаагүй байтал түргэн гэгч нь тэндээс холдож буй машины дууг сонсоод зог туслаа. Дугаараа хүртэл нуух санаатай гэрлээ унтраан зугтаж буй машиныг харсаар хоцров. Түүний сэтгэл үймэрч, уйлагнасан дуугаар "Бурхан минь... Бурхан минь... Яагаад ийм хүн чанаргүй байдаг байна аа?" хэмээн сөхрөн уналаа. 
Таксины жолооч сүүлийн удаа толиндоо эргэж хараад өөрийг нь хараан зүхсээр үлдсэн хүмүүсийг тоосон шинжгүй хурдаа нэмлээ. "Надад ер нь ямар хамаатай юм бэ? Шархтай хүнийг аваад машин тэргээ завааруулаад сууж байх зав хаана байна вэ? Өөр машин олно биз. Одоо ингээд өөр машин олдох байлгүй" хэмээн өөрийгөө тайвшруулан халааснаасаа нэг гадаад тамхи авч татаж эхлэв. Түүгээр зогсохгүй дотроо даажигнасан аястай "Тэрийг хэн газрын мухарт ирж хэвт гэсэн юм. Эмнэлгийн үүдэнд хутгалуулъя гэхгүй" хэмээн хэлэхдээ амандаа зуусан тамхиа харан "Бид ч арчаагүй улс юм аа. Энэ тамхийг үйлдвэрлэдэг улсын ард иргэд нь энэ хорыг өөрсдөө татахгүй байхад бид худалдаж аваад хордож л байдаг. Манайхан ч үүнийг хорихгүй юм. Тэдний ч зөв байлгүй дээ. Бид авахаа боливол хэндээ зарах билээ дээ. Ээ хөөрхий, тамхи ийм үнэтэй байхад газар дээрээ зарагдаж байгаа ногоог хүн авахгүй байна гэнэ" гэж бодон явж байтал бас нэг хүн гараа өргөн зогсож байлаа. "Үйлчлүүлэгч гэдэг чинь ийм л цэвэр цэмцгэр хувцасладаг юм. Илүү хөлс ч өгч мэднэ" хэмээн амандаа бувтнав.
Таксины жолооч тэр орой хэд хэдэн хүнд үйлчлээд сэтгэл амар гэрийн зүг явав. Гэртээ дөхөн ирээд гэрийнх нь үүдэнд хүлээн зогсож буй хүмүүсийг харлаа. Юу болсон юм бол гэж хэсэг гайхширснаа, ямартай ч машинаа гаражид хийе гэж шийдэв. Гэтэл түүний хөрш түүнд "Машинаа хийгээд хэрэггүй байх аа. Одоо явах хэрэг гарах нь" гэв. Тэр маш их гайхан эхнэр хүүхдүүд дээрээ дөхөн очоод юу болсныг асуухад эхнэр нь түүнийг тэврэн уйлж, "Ах чинь өнгөрчихлөө" гэжээ. Жолооч залуу учиргүй чичрэн 
-Ах минь гэв үү? Яаж тэр вэ?
-Хутгалуулчихсан гэнэ. Цус алдан нас барсан байна.
Эхнэрийнхээ хариултыг сонсох үед тэнгэр газар ниргэх шиг болов. Машиныхаа гэрлийг унтраан зугтсан гудамж, цугласан олон түүний нүдний өмнүүр өнгөрөх шиг боллоо. Тэр тусмаа тэр олон хүний дунд хэвтэж байсан танил царай өөр рүү нь харах шиг болоход жолооч өөрийн эрхгүй ухаан алдан унажээ.  


Сургамжит өгүүллэг 3-аас...

2 comments:

  1. Ene jolooch tsag hugatsaag uhraaj boldog bol gej bodson bhdaa...Uneheer haramsaltai bn...Denduu huwia hicheesen zan etses suuld n iim l zuild hurgej bgamdaa...BId nar busdad tusalj amidarsnaar ene amidral iluu utga uchirtai boldog yumshig....Bie biyee hairlaj amidartsgaay^^

    ReplyDelete
  2. suuliin yeiin hymyys 1 iimerhyy bolchood bgan daa yandaa hoorhii

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.