Залуу бүсгүй нялх хүүхдийн эгдүүтэй хөөрхөн царайг харан зогсоно. Буржгар шар үс, том цэнхэр нүд, жижигхэн улаан уруул нь яг л зураг шир харагдана. Бүсгүйн амьдралдаа харж байсан хүүхдүүдээс хамгийн өхөөрдөм хөөрхөн охин хүүхэд байв. Охины хацрыг хичнээн үнсээд ч ханамгүй, үнэрийг нь үнэрлэхийн тулд юугаа ч өгсөн багадах мэт санагдана. Гэнэт "Надад битгий хүр, намайг эрхлүүлэх эрх танд байхгүй" гэх дуу сонсогдов. Залуу бүсгүй цочин эргэн тойрноо харав. Хүүхэд тэр хоёроос өөр хэн ч байсангүй. Нөгөө дуу дахин сонсогдох үед нялх хүүхэд дээр очлоо. Ээ бурхан минь, дөнгөж төрсөн хэрнээ ярьж байна.
"Надад дахиж битгий ойрт, надаас холд" гэв. Бүсгүй учирлан "Би дан эрэгтэй хүүхдүүдтэй. Тэд ч гэсэн маш хөөрхөн. Гэхдээ охин хүүхэд илүү хайр хүргэм байдаг. Тийм болохоор чамайг үнсэхийг хүссэн юм" гэлээ. Тэгтэл охин "Үнсүүлмээргүй байна" хэмээн уйлж эхлэв. Бүсгүй гайхан "Яагаад?" гэж асуув. "Яагаад гэдгийг та өөрөөсөө асуу. Та мэдэж байгаа" гээд бүр чанга уйлав. Бүсгүй юу болсныг санах гэж оролдож байтал ухаан оров. Нүдээ нээгээд хартал эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Наркозноос болоод гэдэс нь хүчтэй өвдөж байв. Танил эмч нь бүсгүйд дөхөж очин "Хурдан эдгээрэй. Амийг чинь арай гэж аварлаа. Мартсанаас таны авхуулсан хүүхэд охин байсан шүү" гэж хэлэв.
Сайн уу? Нилээд юм бодохоор өгүүллэг байна. Энэ миний блог та ч гэсэн сонирхоод үзээрэй. Би таныг сайн таньдаг хүн байна. Харин та намайг мэдэхгүй байх л даа. Үргэлжлүүлээд бичээд байгаарай. Амжилт
ReplyDeletehttp://iseeangels.blogspot.com