Thursday, January 20, 2011

Үнэгүй хайр



Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хүргэм гүйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хүнийг мартаж болохгүй. Тэр хүн бол тогооч, зарц, үйлчлэгч, үсчин, гоо сайханч, нарийн бичиг гээд энэ бүх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ. Том эгчийн ажилдаа өмсөх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж өгнө. Бага эгчийн үс гэзгийг ороож маяглахад нь тусална. Бүх гэрийнхний өглөөний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хөлд ороогүй мөлхөө над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримттай хавтсаа мартчихсан, гээчихсэнийг нь ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашхирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нөгөө өрөөөнөөс бага эгч индүүдсэн өмдөө асууна. Мөнөөхөн л ээж түүнийг нь хэзээ ч юм индүүдээд бэлдчихсэн байснаа авчирж өгнө. Хачирхалтай нэргүй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгүй. Бүгд л их л чухал царай эсгэн хөмсгөө зангидан яарч байснаа хаалга тасхийтэл хаан гарч одно. Араас нь ээж нь "Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо аваарай, малгайгаа мартлаа" гэж хашхирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гүйж гарна.

Ингээд нэг юм өглөөний бужигнаан дуусаж ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс төгсгөл гэж үгүй. Хөтөвчин дээрээ сууж залхсан би часхийтэл хашхиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлүүлнэ гэсээр ээжийн минь үнэт цагаас нэлээн хэсэг нь явчихна. Үдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир түүнээс өмнө гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас хүнс цуглуулна. Ээж минь баадуутай юм шиг нүдний өмнө борви бохисхийлгүй ажиллана. Харж суусан би өмдөндөө хүндэрч хөнгөрөхгүйг хичээн өөрийгөө зугаацуулна. Ядахад цэвэрлэж эмхэлснийг би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж ажилласаар... Үдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хүлээсэн авч утсаар залгаад "Ажилтай" гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хүлээн хөрнө. Ээж урамгүйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгүй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан ороогүй учир дэмий дотроо бодохоос цаашгүй. 

Ээж бол миний хувьд бүхий л хорвоо ертөнц. Намайг ангир уургаараа амлуулж, халуун энгэртээ тэврэн бүүвэйлж, энхрийлэн хайрладаг хүн бол ээж. Ээжийнхээ зөөлөн гар, уянгалаг хоолойгоор би ертөнцийг таньж эхэлсээр. Гэвч бид хоёрын хамт байх цаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс төгсгөлгүй ажил туйлдаа хүрнэ. Ажил тарах цагаар баахан ууртай, өлсгөлөн хүмүүс орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голж шилнэ, зарим нь ирэхгүй оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хүлээсээр... Өнөөдөр гэхэд л ахыг ирэхийг хүлээгээд цонхоор нүдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан хөтөвчнөөсөө босож, алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгүй бол загнахсан гэж хүснэ. Даанч би дэндүү балчир, дэмий л ээжийгээ өрөвдөн харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертөнц намайг дийлээд нэг мэдэхэд унтчихсан байна. 

Ингээд нүдээ нээхэд бас л нэг өглөө. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг үүр шөнөөр ирэн иртэл хүлээж нойр муутай хоноод бүгдээс эрт боссон нь илэрхий. Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангүй. Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бүхнийх нь хариуд баярлалаа гэж ганц хэлчих хүн байсангүй. Нэг л их завгүй хүмүүс тус тусын хэрэгтээ яаран ээжийг минь үнэгүй зарцын дайтай ч үзэхгүй, талархах нь үгүй гэхэд ойлгох ч үгүйд нь миний уур хүрнэ. Бас нэгэн өглөө урьдын адил ард үлдлээ. Гэхдээ бүх зүйл дандаа ийм байхгүй. Ядаж би өдрөөс өдөрт өсөж торнин байгаа нь нэг өөрчлөлт. Би хэлд ороод хамгийн түрүүнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ ээ.

Бодлыг минь таасан юм шиг ээж намайг тэврэн өргөөд энхрийлэн үнслээ. "Миний зулдага л надад хань болох юм даа" гэж ээж санаа алдана. Би сэтгэл дотроо "Ээж ээ, би танд хайртай. Аминаасаа таслан төрүүлээд, миний төлөө амьдарч, бие сэтгэлээ харамгүй өгдөг тандаа баярлалаа" гэж хашхирна. Ээж минь чихээрээ биш ч сэтгэлээрээ сонсон мэдрэх шиг намайг улам дотноор тэврэхэд халуун илч биеийг минь төөнөх мэт. Энэ хорвоод хамгийн түрүүнд мэдэрдэг, насан туршид үл хувирах хамгийн үнэнч, хамгийн агуу хайр бол эхийн хайр. Үнэгүй авчихаад төлж дуусдаггүй асар их өртэй хүмүүс билээ бид. "Ээж ээ, хүү нь удахгүй том болно оо. Тэгээд тэр нэгэн үгийг тандаа заавал хэлнэ. Баярлалаа."


Зохиогч: Т. Хонгорзул

5 comments:

  1. Сайхан бичжээ. Баярлалаа.

    ReplyDelete
  2. Neeree ch eejuud dandaa iim baidag shuu. Manai eej ch gesen iim bdag ch bi bayarlalaa gedeg haayaa daa heldegee.

    ReplyDelete
  3. ene bichlegee minii hayag ruu yvuulj uguuch. bi.ta34@yahoo.com

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.