Баасан гарагийн орой ёс юм шиг орох дуртай уушийн газар хүнээр пиг дүүрсэн учир уушиг зүрхээ нээн шавайгаа ханатал ярилцах гэсэн бидний хэдэн найз бүсгүйчүүд урамгүйхэн өөр газрыг зорилоо. "Үнэтэй юм биш үү" гэж найз хүүхнээ нэг нудартал, зүгээрээ гэж харцаараа намжирдчихаад бөгсөө хаялан гоёмсог шилэн хаалгаар яваад орчихов. Мах гурил авна, талх авна, оо дууссан харагдсан гэж бодсоор түрийвчиндээ байгаа хэдэн төгрөгөө ягштал тооцон өөртөө итгэлгүйхэн араас нь дагалаа. Харваас бэл чинээтэй, халаас зузаан хүмүүс зорьдог нь илт, бүдэгхэн гэрэлтэй хэрнээ тохилог орчинтой тансаг танхимд хөлөө зөөж ядан бүлтгэнэн орохдоо анх удаа өмссөн зүүснээсээ ичих сэтгэл төрж, найз хүүхнүүдтэйгээ хүртэл харьцуулах бодол ургалаа. Уянгаагийн хумс нь хүртэл гялтганан гялалзаж, бэлхүүсийг нь яг барьсан хар бүстэй даашинз нь залуу охин шиг жавхаатай харагдуулж, үнэтэй будаг шунх хэрэглэсэн нүүр нь гялалзаж, ойртох бүр сүрчигний үнэр ханхийж, урт хар үс нь мөрийг нь даван доргиотно. Гэтэл нас чацуу би дотроо өөрийгөө түүнээс хамаагүй царайлаг гэж дүгнэдэг боловч үнэн хэрэгтээ илүү гэр шиг өнгө муутай харагдаж байгаагаа мэдэрнэ. Угааж цэвэрлэхээс биш гоо сайхан энэ тэрийг үзээгүй гар минь мойнийчихсон ч юм шиг, ганц сайхан зурагт гэртээ авч тавья даа гэж гүрийсээр хэдэн сар солиогүй хувцас минь гундуухан ч юм шиг, нүдний минь харц ч амьдралын аар саард түүртэн гал нь бөхөж орхисон мэт. Санаа алдаад би гурван хундага архи угсраагаар нь дугтарчихлаа. Нөхөртэйгөө сууснаас хойш би эдээр эс боловч, сэтгэлээрээ баян амьдарсан минь үнэн. Хоёр биенээ гэсэн халуун сэтгэл, хайр дурлалаас өөр өмчгүй амьдралаа тэгээс эхэлсэн бид хоёр энэ хэдэн жил идэх өмсөхөө арвилан хэмнэн зүтгэсээр айлын дайтай айл болсон билээ. Нөхрөө би баян тансаг амьдралд умбуулсангүй гэж нэг ч удаа зэмлэж үзээгүй. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй зүтгэж яваа хань минь эвий гэж энхрийлж л боддог. Даанч өнөөдөр би чинь эмэгтэй хүн шүү дээ бусдаас юугаараа дутах юм гэсэн нэг бяцхан атаач бодол дотор хорсгоод байгаа байдалдаа жаахан гомдох шиг. Хэсэг суутал найз хүүхэн нударч байна. Хүүшээ чи хар даа гэж нэг л чухлыг хэлэх мэт түгшүүртэй дуугарахад нь заасан зүгт нь яаран хартал зүрх минь чулуун шалан дээр унаад хэдэн хэсэг бутрах шиг л боллоо. Даанч яав даа чи минь, нүдийг минь нулимс бүрхэж, гар минь чичрэн, урдаа байсан нэг хундагатайг нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Авааль нөхөр минь арван хэдтэй болов уу гэмээр годгор охин тэвэрчихээд нүдээрээ баяр баясгалан тодруулан маадгар алхана. Миний арвилан хэмнэх гэж ядахдаа троллейбусанд чихэлдэн ядардаг хэдэн төгрөг энд түүний гарын салаагаар урсана. Нулимс, гомдол хоёр хацар даган задгай урсаж, сэтгэлийн хөндүүрээ дарж дийлэхгүйдээ шууд хувцсаа аван гэр лүүгээ зүтгэлээ. Гутрах, гомдох, ичих, уурлан хорсох энэ бүхнээс гомдол нь хамгийн их жин даран цээж өвтгөнө. Гэртээ хариад өвдгөө тэврэн сууж хүлээлээ. Чаддагаараа муу нулимс минь л нүдийг минь улцайж хавдтал чимээгүй урсана. Хэдэн ч цаг суув мэдсэнгүй үүр цайхны алдад хаалганы түгжээ аяархан торхийж, орж ирэх нь дуулдана. Орон дээрээ өвдгөө тэврэн сууж, улайсан цоргитол ширтсэн намайг хараад цочсоноо газар ширтэн дуугүйхэн хувцсаа тайлж эхэллээ. Цамцаа сандал дээр шидэж, өмдөө газар хаяад, оймсоо тэр чигт нь чулуудахад нь өнөө хүүхнийхээ хувцсыг нямбайлан эвхэж тавьсныг нь санахаас босож очоод аль муугаар нь дуудан чарлаж, хаа тааралдсан газар нь зодож нүдэн уур бухимдлаа утаа болгон гаргаж нэгийгээ үзмээр бодогдоно. Сэтгэлдээ бол би түүнийг түмэн хэсэг болгон цавчиж, хайрлаж өнгөрүүлсэн өдөр болгоныхоо тоогоор дэвсэж хаямаар санагдана. Гэвч гар хөдөлсөнгүй, хэл хөшсөн мэт би дуугүй суусаар л... Тэр чив чимээгүй хажуугаар ороод цаашаа харан унтаад өглөө. Маргааш, нөгөөдөр түүний цаад өдрүүд урьдын адил хэвээр үргэлжилнэ. Харин би түүнтэй нэг ч үг дуугарсангүй. Тэр өдрөөс хойш би хувцсыг нь угааж, хоолыг нь хийсэн ч амаа нээлгүй харь танихгүй хүн мэт түүнтэй харьцав. Миний нулимс дуусаад, зүрх царцчихсан юм шиг. Тэр дахиж оройтсонгүй, цагтаа ирнэ. Гэмтэй гэдгээ мэдсэн юм шиг намайг царайчлан урдуур хойгуур бөндөгнөнө. Намайг тэр бусдын эхнэр шиг цамнан цовхчиж, хэрүүл уруул хийнэ гэж бодсон ч эсрэгээр эргэсэнд гайхаж эхэндээ баярлаж байснаа сүүлдээ айх болжээ. Би ганцаараа байхдаа дуу аялан, сэтгэл минь хачин ихээр хөнгөрсөнд өөрөө ч гайхаж, өөрийгөө ганц бие болсон мэтээр төсөөлж, мөнгөө хэрхэн өөртөө зарцуулах, өөрийгөө зугаацуулах талаар бодно. Би орой бүр шөнө оройтож ирэвч хүлээж суух нөхөр минь зэмлэж чадахгүй гөлөлзөн сууна. Би олсон, хадгалснаасаа шинэ хувцас авч, гоо сайхан, массажинд орж, найзуудтайгаа цэнгэн наргиж, хаашаа ч явсан такси хөлөглөн сүнгэнэнэ. Харин бидний дунд бат гэгчийн чулуун хэрэм өдөр ирэх тусам зузааран өндөрсөнө. Сар боллоо. Хоёр сар боллоо. Би бахь байдгаараа чулуун хөшөө мэт таг дүлий царайлан амьдарсаар. Бид хоёр зүгээр л нэг гэрийг хуваан амьдарч байгаа хөндлөнгийн хүмүүс мэт байлаа. Тэр энэ зуур ярилцах гэж гуйлаа, архи ч уулаа, тэнэж алга боллоо, сүүлдээ шалдаа буун гуйж гувшлаа би тоосонгүй. Хөлөөс минь зууран гуйх түүнийг би түлхэж орхиод гэрээс гаран одлоо. Үүрээр намайг халамцуу ирэхэд тэр яг над шиг унтаж чадалгүй сэлхэрсэн нүдээрээ өрөвдөлтэй ширтэн орон дээрээ сууна. "Ганцхан удаа шүү дээ" гэж тэр өрөвдөлтэй дуугарлаа. Хоолны давс ихдэж хэмээн уурладаг байсан том дуу нь цаашаа ороод өрөвдөлтэй гонгинох нь дур гутам. Би үг дуугүй хувцсаа баглаж эхэлтэл, тэр өвдгийг минь тэврэн жаахан хүүхэд шиг мэгшин уйллаа. Би түүний уйлахыг анх удаа харсан минь тэр. Гэр бүлийн минь ноён нуруу тэнд хугарах шиг санагдаж билээ. Би бөхийн сууж толгойг нь энгэртээ наан, ууч зөөлөн сэтгэлээр түүнийгээ би өөрөө л буруутан мэт аргадахад халуун нулимс нь энгэр нэвтэлж байсансан. Унаж хагарсан ваарыг эвтэйхэн эвлүүлэн наагаад, өнгөлөн будахад шинэ юм шиг гялалзан байвч хэзээд зөөлөн болгоомжтой хандаж, газар унагалгүй энхрийлж, халуун зүйл хамаагүй хийлгүй санаж сэрэмжилж явмаажин, ваар урьдын адил бүрэн бүтэн харагдана. "Ганцхан удаа" унагавал хагарна. Ганц удаагийн уналтаар бүр эвлүүлэх аргагүй бутарч мэднэ. Халуун сэтгэлийг сэвтээхэд ганц удаа хангалттай. Миний уучлал ч гэсэн "ганцхан удаа" байсан юм.
Зохиогч Т. Хонгорзул
I Ilke it, thanks a lot :)
ReplyDeleteoo gaixaltai.... no word
ReplyDeleteI like it so much.
ReplyDeleteSain bichjee....
ReplyDeletemundag bn
ReplyDelete