Tuesday, April 13, 2010

4 эхнэр

4 эхнэртэй нэгэн баян худалдаачин байжээ. Тэрээр 4 дэх эхнэртээ хамгаас илүү хайртай бөгөөд хамгийн чамин тансаг бүхнээр түүнийг гоёж гангалан, бүхий л нарийн ширийн асуудалд нь анхаардаг байв. Мөн түүнийг маш их анхаарч халамжлан, хамгийн сайн сайхнаа түүнд л зориулдаг байлаа.
Баян эр 3 дахь эхнэртээ ч гэсэн маш их хайртай ажээ. Хэдийгээр түүнд 3 дахь эхнэр нь хэн нэгэн эрийг дагаад явчих вий гэсэн айдас үргэлж төрдөг байсан ч 3 дахь эхнэрээрээ маш их бахархдаг бөгөөд найзууддаа түүнийг гайхуулах дуртай байлаа.
Тэрээр 2 дахь эхнэртээ ч мөн адил хайртай юмсанжээ. 2 дахь эхнэр нь маш ухаалаг бөгөөд үнэндээ худалдаачин эрийн хувьд итгэмжлэгдсэн хүн гэхэд болно. Худалдаачин эр ямар нэгэн асуудалтай тулгарах үедээ зөвхөн түүн дээр очдог байв. 2 дахь эхнэр нь түүнийг зовлон бэрхшээлтэй тулгарсан хэцүү үед нь үргэлж тулалдаг байжээ.
Харин 1 дэх эхнэр нь үнэхээр үнэнч хань төдийгүй нөхрийнхөө хөрөнгө мөнгө, ажил хэрэг, мөн түүнчлэн гэр бүлдээ үнэхээр их анхаарал тавих зэргээр маш их тус дэм болдог нэгэн байв. 1 дэх эхнэр нь нөхрөө чин сэтгэлээсээ хайрладаг ч гэсэн нөхөр нь түүнд хайргүй бөгөөд бараг анхаарал тавьдаггүй байжээ.
Нэгэн өдөр худалдаачин эр өвчин тусчээ. Төд удалгүй өөрийгөө үхэх болсныг мэдэв. Тэр өөрийнхөө баян чинээлэг амьдралыг эргэцүүлж бодоод өөртөө ингэж хэлэв. "Надад 4 эхнэр байна. Гэвч хэрвээ би үхвэл ганцаараа үлдэх болно. Би яаж ганцаараа байх юм бэ!"
Тэгээд тэр 4 дэх эхнэрээсээ "Чи бол миний хамгийн хайртай эхнэр, би чамд эдийн дээдийг эдлүүлж, бүхий л хайр халамжаа чамд л зориулсан. Харин одоо би үхэх гэж байна. Чи намайг дагаж, надтай хамт байх уу?" гэж асуухад тэр "Яасан ч үгүй" гэхээс өөр юу ч хэлэлгүй яваад өгчээ.
Энэ хариултыг сонссон худалдаачин эрийн зүрх хурц хутгаар зүсэгдэх шиг болов. Гунигт автсан эр 3 дахь эхнэрээсээ "Би бүхий л амьдралаараа чамайг хайрласаар ирсэн. Харин одоо би үхэх гэж байна. Чи намайг дагаж, надтай хамт байх уу?" гэж асуухад тэр "Үгүй ээ. Энд амьдрах нь илүү сайхан" гэж хариулав. Худалдаачны зүрх урагдаж, хүйт даалаа.
Дараа нь тэр 2 дахь эхнэрээсээ "Би чамаас тусламж гуйхаар очих бүрд чи надад үргэлж тусалдаг байсан. Надад одоо чиний тусламж хэрэгтэй байна. Намайг үхэхэд чи намайг дагаж, надтай хамт байх уу?" гэж асуухад тэр "Уучлаарай. Энэ удаа би чамд яасан ч тусалж чадахгүй нь" гэж хариулжээ. Энэ хариулт түүнд аянга мэт хүчтэй бууж, түүнд маш их уй гашуу авчирлаа.
Тэгтэл гэнэт "Би чамтай хамт явъя. Чамайг хаашаа ч явсан хамаагүй би чамтай хамт байх болно" гэх дуу гарав. Худалдаачин энэ дуу хаанаас гарсныг хайхад түүний 1 дэх эхнэр байжээ. Тэрээр өлмөн зэлмүүн байдлаасаа болоод маш их зовж шаналж байсан бөгөөд бараг яс арьс болсон байв. Худалдаачин гунигтайгаар түүнд "Би чадахынхаа хэрээр чамдаа л хамгийн их анхаарал халамж тавих хэрэгтэй байж дээ" гэж хэлжээ.

Үнэндээ бүх хүн амьдралдаа 4 эхнэртэй байдаг.

а. 4 дэх эхнэр нь бидний бие махбод юм. Бид биеэ сайхан харагдуулахын тулд түүнд хичнээн их цаг хугацаа, хичээл зүтгэл гаргалаа ч биднийг үхэхэд тэр биднийг орхих болно.
б. 3 дахь эхнэр нь бидний эд баялаг, байр суурь болон хөрөнгө мөнгө зэрэг юм. Биднийг үхэх үед тэд бүгдээрээ өөр хэн нэгэн дээр очих болно.
в. 2 дахь эхнэр нь бидний гэр бүл болон найз нөхөд юм. Бид амьд байхдаа тэдэнтэй хичнээн ойр дотно байсан ч гэсэн биднийг үхсэний дараа тэд бидний булшны дэргэд зогсохоос өөр юу ч хийж чадахгүй.
г. 1 дэх эхнэр нь үнэндээ бидний сүнс юм. Бид үргэлж эд материал, хөрөнгө мөнгө болон хүсэл тачаалынхаа жаргалын хойноос хөөцөлдсөнөөс болж сүнсээ зөнд нь хаядаг.


Translated from English by Tsesu

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.