Tuesday, August 28, 2012

Эхний бөгөөд сүүлчийн болзоо

Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна.

“Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Ааваас минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь.

...

Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, кино үзэхийг урилаа.

“Яав? Юу болов?” гэж ээж минь их л гайхаж байна. Шөнө орой утас дуугарах, гэнэтийн урилгад хөгшчүүлийн сэтгэл зовж түгшдэг бололтой. Цагийг хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн миний санал ээжид таалагдав.

Орой ажлаа тараад ээжийгээ авахаар явахдаа сэтгэл ихэд хөдөлж байлаа. Намайг ирэхэд ээж минь үүдэн дээрээ хүлээж байв. Харваас догдолж буй нь илт.

Үсээ ардаа шууж, хуримынхаа сүүлчийн ойг тэмдэглэхдээ өмссөн даашинзаар гоёжээ. Намайг хараад инээмсэглэж, царай нь баярласандаа гэрэлтэж байлаа. Машинд суунгаа найз эмгэчүүлдээ хүүтэйгээ хамт явах гэж байгаагаа, ресторанд хооллох тухайгаа дуулгаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцсанаа ярилаа.

Бид нэг их үнэтэй биш ч тохилог ресторан сонгов. Ээж минь гараас сугадаж, тэргүүн хадагтай шиг л алхана. Ширээнд сууж цэсийг уншиж байхдаа ээж минь намайг хараад ямар нэг юм дурсаж байгааг ажиглав.

-Чамайг бага байхад рестораны цэсийг би чамд уншиж өгдөг байж билээ гэхэд,
- Одоо та амарч, таны өмнөөс би уншъя гэлцэж хөхрөлдлөө.

Хооллож байхдаа бид чин сэтгэлээсээ ярилцав. Онцгой чухал юу ч яриагүй зөвхөн өдөр тутмын жирийн л юм ярилцав. Бид кино үзэхээ ч мартан, их удаан ярилцав. Ээжийгээ хүргэж өгөх замд ээж минь надтай хамт дахиад ресторан явах, гэхдээ өөрөө урих болзлоо хэллээ. Би ч зөвшөөрөв.

Гэртээ харихад ээжтэйгээ хамт байх таалагдсан эсэхийг эхнэр асуув. Санаж байснаас ч илүү гэж би дуу алдлаа.
 

Хэд хоногийн дараа ээж минь зүрхний шигдээсээр нас барав. Бүх юм хурдан өнгөрч би юу ч хийж чадсангүй.

Хожим нь би ээжтэйгээ хамт хооллосон ресторанаас нэгэн урилга хүлээн авлаа. Дугтуйг задлахад: “Би чамтай хамт байх үгүйгээ мэдэхгүй байна. Хоёр хүний захиалга өгч төлбөрийг хийсэн. Хүү, бэр хоёртоо зориулав.”

“Хүү минь, тэр үдэш надад ямар чухал байсныг чи ойлгохгүй байхаа. Хүүдээ хайртай шүү” гэсэн бичиг байлаа.

READ MORE - Эхний бөгөөд сүүлчийн болзоо

Saturday, May 12, 2012

Шүүмжлэл

Энэтхэгт нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэлцдэг байв. Тиймээс түүнийг өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчилбол “Ранга Гуру” гэж дууддаг байв.
 
 
 

Түүнд Рачижи хэмээх нэгэн шавь байжээ. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж, багшдаа үзүүлэн үгийг нь сонсохыг хүсчээ…
Ранга Гугу түүнд
-Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь. Тэгээд хажууд нь улаан будаг, бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ.
Рачижи багшийнхаа хэлснээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь
-Гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.
Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь
-За одоо дахиад хотын төв талбайд зургаа аваачиж тавиад хажууд нь мөн будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа "Таалагдаагүй хэсгээ засаад зур гэж бичээрэй” гэжээ.
Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очтол зурагт нь хэн ч гар хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи зургаа тэврэн багш дээрээ  очиж болсон явдлыг баяртайгаар ярьжээ…

Ранга Гуру
-Хайрт шавь Рачижи минь, хүмүүс боломж л олдвол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг би чамд эхлээд харуулах гэсэн юм. Амьдралдаа хэзээ ч зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн. Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг өөрөөр хэлбэл, бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадсангүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байхаас гадна бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээх хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст бүтээлээ хэзээ ч бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй гэжээ.

READ MORE - Шүүмжлэл

Monday, April 11, 2011

Луужин ба цаг



Аав хүү хоёр ууланд гарахаар болжээ. Тэд анх удаа тэр ууланд авирах гэж байгаа бөгөөд оргил дээр нь гарах нь тэдний зорилго байв. Хүү уулын орой дээр байгаа нарыг хараад ааваасаа ингэж асуужээ.
-Аав аа, бид уулын оргилд хэзээ хүрч чадах бол? 
Аав нь газрын зураг, луужин хоёроо харан
-Миний хүү түүнээс илүү урдах замаа сайн харж явах хэрэгтэй гэв.
Замын хажуугаар өндөр өндөр мод их ургасан байсан тул замаа сайн мэдэхгүй байлаа. Нэг мэдсэн чинь төөрч орхисон байв. Хүү нь ихэд айж, юу ч хэлэлгүй луужингаа харан зүг чигээ шалгаж зогсох аавдаа уурлан
-Ингэж байгаад эндээс гарч чадахгүй болох гэж байгаа юм. Энд хэд хоносноо мэдэж байна уу? Аав аа, жаахан хурдан явъя. Хурдан алхаарай гэхэд аав нь баруун гараараа заан хүүдээ ингэж хэлэв.
-Хүү минь, зөв зүг энэ байна. Бид буруу зүгт явж байсан байна.
Тэд зүгээ өөрчлөн хэсэг алхсаны дараа зорьсон газартаа хүрч ирэв. Уулнаас буусны дараа эцэг нь хүүдээ
-Хүү минь, цаг хугацаанаас илүү чухал зүйл бол зүг чиг гэдгийг бүү мартаарай. Жаахан л буруудсан бол хоёулаа ууланд удаан төөрөх байсан шүү дээ гэж хэлээд луужингаа хүүдээ өгтөл, хүү нь гартаа байсан цагаа тайлж, аавдаа өгөнгөө
-Баярлалаа аав аа. Намайг өөрөө зүг чигээ зөв олдог болтол та үүнийг хадгалж байгаарай гэв.


Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...
READ MORE - Луужин ба цаг

Monday, January 31, 2011

Нялх хүүхэд



Залуу бүсгүй нялх хүүхдийн эгдүүтэй хөөрхөн царайг харан зогсоно. Буржгар шар үс, том цэнхэр нүд, жижигхэн улаан уруул нь яг л зураг шир харагдана. Бүсгүйн амьдралдаа харж байсан хүүхдүүдээс хамгийн өхөөрдөм хөөрхөн охин хүүхэд байв. Охины хацрыг хичнээн үнсээд ч ханамгүй, үнэрийг нь үнэрлэхийн тулд юугаа ч өгсөн багадах мэт санагдана. Гэнэт "Надад битгий хүр, намайг эрхлүүлэх эрх танд байхгүй" гэх дуу сонсогдов. Залуу бүсгүй цочин эргэн тойрноо харав. Хүүхэд тэр хоёроос өөр хэн ч байсангүй. Нөгөө дуу дахин сонсогдох үед нялх хүүхэд дээр очлоо. Ээ бурхан минь, дөнгөж төрсөн хэрнээ ярьж байна.
"Надад дахиж битгий ойрт, надаас холд" гэв. Бүсгүй учирлан "Би дан эрэгтэй хүүхдүүдтэй. Тэд ч гэсэн маш хөөрхөн. Гэхдээ охин хүүхэд илүү хайр хүргэм байдаг. Тийм болохоор чамайг үнсэхийг хүссэн юм" гэлээ. Тэгтэл охин "Үнсүүлмээргүй байна" хэмээн уйлж эхлэв. Бүсгүй гайхан "Яагаад?" гэж асуув. "Яагаад гэдгийг та өөрөөсөө асуу. Та мэдэж байгаа" гээд бүр чанга уйлав. Бүсгүй юу болсныг санах гэж оролдож байтал ухаан оров. Нүдээ нээгээд хартал эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Наркозноос болоод гэдэс нь хүчтэй өвдөж байв. Танил эмч нь бүсгүйд дөхөж очин "Хурдан эдгээрэй. Амийг чинь арай гэж аварлаа. Мартсанаас таны авхуулсан хүүхэд охин байсан шүү" гэж хэлэв. 
READ MORE - Нялх хүүхэд

Хэдийг төлөх вэ?



Өвлийн нэгэн хүйтэн орой гэр лүүгээ алхаж явтал өмнө минь согтуу бололтой нэг хүн явж байлаа. Хоёр тийшээ найган хөл дээрээ тогтож ядан явж байснаа замын хажуугийн шонгийн модноос тэврээд авав. Хажуугаар нь өнгөрөхдөө сайн харвал 30 орчим насны, цэвэрхэн хувцасласан нэгэн байв. Дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн зарим нь чанга дуугаар архи уусанд нь жигшиж, зарим нь элэг доог хийн хөхрөлдөж байлаа. Би дөхөж очоод "Та зүгээр үү? Би танд туслах уу?" гэж асуув. 
Тэр арайхын ёолон байж "Бие минь муу байна" гэж хэлэв. Юм бодох сэхэлгүй нэг гараараа нуруугаар нь тэврээд такси барихаар гараа өргөлөө. Такси баригдах нь өнгөрөв бололтой гэж бодож байтал ашгүй нэг такси ирж зогслоо. Жолоочид байдлаа хэлээд эмнэлэг рүү хурдан явахыг хүсэв. Эмнэлэгт хүргэж өгөөд анхны тусламж авч дуустал үүдэнд нь хүлээж байлаа. 
Жижүүр эмч гарч ирээд өвчтөнг наанадаж гадаа хөлдөхөөс нь урьтаж тусалсан байна гэв. Харин өвчтөн маань ярьж чадахгүй байсан учир бидэн рүү харан инээмсэглэлээ. Жолооч бас явалгүй хажууд хүлээж байв. Хэсэг хугацааны дараа өвчтөний бие нь тэнхэрч түүнийг гэрт нь хүргэж өгсөн юм. 
Өвчтөний эхнэр нөхрөө хааяа ухаан алдаж унадагийг мэддэг болохоор гэртээ ирэхгүй удахад нь санаа зовсондоо гэрийнхээ гадаа хүүтэйгээ хүлээж байлаа. Биднийг хараад гүйж ирэн нөхрөө тэвэрч авав. 
Олон цаг явж ядарснаас ямар ч ул мөр үлдсэнгүй. Бидэнд хэрхэн баярласнаа илэрхийлэхээ мэдэхгүй баярлаж байгаа тэр гэр бүлийг хараад нүдэнд минь нулимс цийлэгнэв. 
Сайн сууж байхыг хүсээд явах замдаа жолоочоос хэдийг төлөхөө асуулаа. Тэгэхэд жолооч толгойгоо сэгсрэн "Үгүй дээ, харин ч би танд өртэй боллоо. Энэ сайн үйлсдээ та намайг оролцууллаа шүү дээ. Бараг хорин жил уйлаагүй надад ийм сайхан зүйл байдгийг та надад санууллаа" гэв.
Сайхан сэтгэлтэй жолоочид талархсанаа илэрхийлээд цааш явахдаа өвлийн шөнийн хүйтэн жаврыг ажралгүй гэр лүүгээ алхаж харимаар санагдаж байв. Юмыг яаж мэдэхэв, тусламж хэрэгтэй нэгэнтэй дахин тааралдах ч юм билүү?


Сургамжит өгүүллэг 3-аас...
READ MORE - Хэдийг төлөх вэ?

Thursday, January 27, 2011

Таксины жолооч



Таксины жолооч машинд нь суух үйлчлүүлэгч хайн гудамжаар явж байлаа. "Хоёр, гурван хүн хүргэчихээд харихаас даа" гэж боджээ. Тэр бас их ядарсан байв. Машинаа хайр дүүрэн хараад дотроо баяртайгаар "Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа хөөрхий" гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад тэднийг өөртэйгөө харьцуулан "За би ч сайн яваа юм байна..." гэж бодлоо.
Цагаа харан "Ёооох, орой болсон байна. Нэг хүн гараад ирдэггүй юм байх даа. Хоосон сэлгүүцсээр байтал түлш дуусах нь" гэж бодов. Маргааш нь ахындаа очихын тулд эрт босох ёстой учраас эртхэн харих хэрэгтэй байлаа. Даанч юм бүхэн хүссэнээр болох биш дээ. Ахынхаа тухай бодож, түүний төлөө санаа нь зовнин "Ах минь дээ, мөрийтэй тоглоомыг яагаад ч хаяхгүй юм даа, ингэж яваад өрөнд унавал ч цаадуул чинь ч таныг өршөөхгүй байлгүй дээ" гэж бодон гүнзгий гэгч нь санаа алдав. "Та намайг өнөөдөр л мөнгө олоод өг гээд байсан, тэр мөнгө нь бараг олдохоосоо өнгөрөв бололтой. Маргааш өглөө л хүн хараас хэдэн төгрөг олоод тандаа аваачиж өгөөд өрнөөс чинь салгаж, санааг чинь нэг амраая даа. Энэ янзаараа байвал та өөрийгөө ч, ар гэрийнхнийгээ ч үгүй хийх нь дээ..."
Ийнхүү бодлогшрон явж байтал замын хажууд гараа өргөн зогсож буй нэг хүнийг олж хараад ихэд баярлажээ. Тэр хүн машинд суумагцаа л сандарч аахилсаар "Түргэлээрэй хүү минь, энэ дундуур ороод ийшээ" гэхэд жолооч хэн нэгний бие нь муудаж, түүнийг эмнэлэгт хүргэх юм байна гэж ойлгосон ч түүний яриаг үргэлжлүүлэн сонсоод тээршааж эхлэв. Нөгөө хүн "Бурхан минь гэж, аймшигтай юм аа, тэр хүнийг бүр дөрвөн удаа хутгалчихсан байна. Ямар нэгэн зүйл хийхгүй бол тэр хүн цус алдан үхэж мэдэхээр байна. Ядаж байхад хэн ч туслахгүй юм. Цугласан хүмүүс харж зогсохоос өөр зүйл алга" гэж ярихыг сонсоод жолоочийн дотор нь эвгүйрч "Машин минь тэр чигээрээ цусан далай болох нээ" гэж бодлоо. Нөгөө хүн үргэлжлүүлэн "Бодоод үз л дээ, хүн цус алдаад үхэх гэж байхад хоёр машин авалгүй тэндээс зугтаад явчихсан. За бараг ирчихлээ. Нөгөө шархтай хүн маань тэр олон хүний дунд байгаа" гэхэд жолооч намуухан дуугаар "За тэр хүнээ аваад ир. Би машинаа эргүүлээд тавьж байя. Цаг алдаад яахав" гэжээ. Нөгөө хүн ч зөвшөөрөн машинаас бууж цугласан олонд "Алив зам тавиарай, би машин аваад ирлээ" гэж хашхирав. 
Нөгөө хүн шархтай хүн дээр очиж амжаагүй байтал түргэн гэгч нь тэндээс холдож буй машины дууг сонсоод зог туслаа. Дугаараа хүртэл нуух санаатай гэрлээ унтраан зугтаж буй машиныг харсаар хоцров. Түүний сэтгэл үймэрч, уйлагнасан дуугаар "Бурхан минь... Бурхан минь... Яагаад ийм хүн чанаргүй байдаг байна аа?" хэмээн сөхрөн уналаа. 
Таксины жолооч сүүлийн удаа толиндоо эргэж хараад өөрийг нь хараан зүхсээр үлдсэн хүмүүсийг тоосон шинжгүй хурдаа нэмлээ. "Надад ер нь ямар хамаатай юм бэ? Шархтай хүнийг аваад машин тэргээ завааруулаад сууж байх зав хаана байна вэ? Өөр машин олно биз. Одоо ингээд өөр машин олдох байлгүй" хэмээн өөрийгөө тайвшруулан халааснаасаа нэг гадаад тамхи авч татаж эхлэв. Түүгээр зогсохгүй дотроо даажигнасан аястай "Тэрийг хэн газрын мухарт ирж хэвт гэсэн юм. Эмнэлгийн үүдэнд хутгалуулъя гэхгүй" хэмээн хэлэхдээ амандаа зуусан тамхиа харан "Бид ч арчаагүй улс юм аа. Энэ тамхийг үйлдвэрлэдэг улсын ард иргэд нь энэ хорыг өөрсдөө татахгүй байхад бид худалдаж аваад хордож л байдаг. Манайхан ч үүнийг хорихгүй юм. Тэдний ч зөв байлгүй дээ. Бид авахаа боливол хэндээ зарах билээ дээ. Ээ хөөрхий, тамхи ийм үнэтэй байхад газар дээрээ зарагдаж байгаа ногоог хүн авахгүй байна гэнэ" гэж бодон явж байтал бас нэг хүн гараа өргөн зогсож байлаа. "Үйлчлүүлэгч гэдэг чинь ийм л цэвэр цэмцгэр хувцасладаг юм. Илүү хөлс ч өгч мэднэ" хэмээн амандаа бувтнав.
Таксины жолооч тэр орой хэд хэдэн хүнд үйлчлээд сэтгэл амар гэрийн зүг явав. Гэртээ дөхөн ирээд гэрийнх нь үүдэнд хүлээн зогсож буй хүмүүсийг харлаа. Юу болсон юм бол гэж хэсэг гайхширснаа, ямартай ч машинаа гаражид хийе гэж шийдэв. Гэтэл түүний хөрш түүнд "Машинаа хийгээд хэрэггүй байх аа. Одоо явах хэрэг гарах нь" гэв. Тэр маш их гайхан эхнэр хүүхдүүд дээрээ дөхөн очоод юу болсныг асуухад эхнэр нь түүнийг тэврэн уйлж, "Ах чинь өнгөрчихлөө" гэжээ. Жолооч залуу учиргүй чичрэн 
-Ах минь гэв үү? Яаж тэр вэ?
-Хутгалуулчихсан гэнэ. Цус алдан нас барсан байна.
Эхнэрийнхээ хариултыг сонсох үед тэнгэр газар ниргэх шиг болов. Машиныхаа гэрлийг унтраан зугтсан гудамж, цугласан олон түүний нүдний өмнүүр өнгөрөх шиг боллоо. Тэр тусмаа тэр олон хүний дунд хэвтэж байсан танил царай өөр рүү нь харах шиг болоход жолооч өөрийн эрхгүй ухаан алдан унажээ.  


Сургамжит өгүүллэг 3-аас...

READ MORE - Таксины жолооч

Thursday, January 20, 2011

Үнэгүй хайр



Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хүргэм гүйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хүнийг мартаж болохгүй. Тэр хүн бол тогооч, зарц, үйлчлэгч, үсчин, гоо сайханч, нарийн бичиг гээд энэ бүх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ. Том эгчийн ажилдаа өмсөх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж өгнө. Бага эгчийн үс гэзгийг ороож маяглахад нь тусална. Бүх гэрийнхний өглөөний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хөлд ороогүй мөлхөө над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримттай хавтсаа мартчихсан, гээчихсэнийг нь ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашхирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нөгөө өрөөөнөөс бага эгч индүүдсэн өмдөө асууна. Мөнөөхөн л ээж түүнийг нь хэзээ ч юм индүүдээд бэлдчихсэн байснаа авчирж өгнө. Хачирхалтай нэргүй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгүй. Бүгд л их л чухал царай эсгэн хөмсгөө зангидан яарч байснаа хаалга тасхийтэл хаан гарч одно. Араас нь ээж нь "Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо аваарай, малгайгаа мартлаа" гэж хашхирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гүйж гарна.

Ингээд нэг юм өглөөний бужигнаан дуусаж ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс төгсгөл гэж үгүй. Хөтөвчин дээрээ сууж залхсан би часхийтэл хашхиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлүүлнэ гэсээр ээжийн минь үнэт цагаас нэлээн хэсэг нь явчихна. Үдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир түүнээс өмнө гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас хүнс цуглуулна. Ээж минь баадуутай юм шиг нүдний өмнө борви бохисхийлгүй ажиллана. Харж суусан би өмдөндөө хүндэрч хөнгөрөхгүйг хичээн өөрийгөө зугаацуулна. Ядахад цэвэрлэж эмхэлснийг би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж ажилласаар... Үдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хүлээсэн авч утсаар залгаад "Ажилтай" гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хүлээн хөрнө. Ээж урамгүйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгүй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан ороогүй учир дэмий дотроо бодохоос цаашгүй. 

Ээж бол миний хувьд бүхий л хорвоо ертөнц. Намайг ангир уургаараа амлуулж, халуун энгэртээ тэврэн бүүвэйлж, энхрийлэн хайрладаг хүн бол ээж. Ээжийнхээ зөөлөн гар, уянгалаг хоолойгоор би ертөнцийг таньж эхэлсээр. Гэвч бид хоёрын хамт байх цаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс төгсгөлгүй ажил туйлдаа хүрнэ. Ажил тарах цагаар баахан ууртай, өлсгөлөн хүмүүс орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голж шилнэ, зарим нь ирэхгүй оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хүлээсээр... Өнөөдөр гэхэд л ахыг ирэхийг хүлээгээд цонхоор нүдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан хөтөвчнөөсөө босож, алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгүй бол загнахсан гэж хүснэ. Даанч би дэндүү балчир, дэмий л ээжийгээ өрөвдөн харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертөнц намайг дийлээд нэг мэдэхэд унтчихсан байна. 

Ингээд нүдээ нээхэд бас л нэг өглөө. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг үүр шөнөөр ирэн иртэл хүлээж нойр муутай хоноод бүгдээс эрт боссон нь илэрхий. Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангүй. Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бүхнийх нь хариуд баярлалаа гэж ганц хэлчих хүн байсангүй. Нэг л их завгүй хүмүүс тус тусын хэрэгтээ яаран ээжийг минь үнэгүй зарцын дайтай ч үзэхгүй, талархах нь үгүй гэхэд ойлгох ч үгүйд нь миний уур хүрнэ. Бас нэгэн өглөө урьдын адил ард үлдлээ. Гэхдээ бүх зүйл дандаа ийм байхгүй. Ядаж би өдрөөс өдөрт өсөж торнин байгаа нь нэг өөрчлөлт. Би хэлд ороод хамгийн түрүүнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ ээ.

Бодлыг минь таасан юм шиг ээж намайг тэврэн өргөөд энхрийлэн үнслээ. "Миний зулдага л надад хань болох юм даа" гэж ээж санаа алдана. Би сэтгэл дотроо "Ээж ээ, би танд хайртай. Аминаасаа таслан төрүүлээд, миний төлөө амьдарч, бие сэтгэлээ харамгүй өгдөг тандаа баярлалаа" гэж хашхирна. Ээж минь чихээрээ биш ч сэтгэлээрээ сонсон мэдрэх шиг намайг улам дотноор тэврэхэд халуун илч биеийг минь төөнөх мэт. Энэ хорвоод хамгийн түрүүнд мэдэрдэг, насан туршид үл хувирах хамгийн үнэнч, хамгийн агуу хайр бол эхийн хайр. Үнэгүй авчихаад төлж дуусдаггүй асар их өртэй хүмүүс билээ бид. "Ээж ээ, хүү нь удахгүй том болно оо. Тэгээд тэр нэгэн үгийг тандаа заавал хэлнэ. Баярлалаа."


Зохиогч: Т. Хонгорзул
READ MORE - Үнэгүй хайр

Monday, January 10, 2011

Ганцхан удаа


Баасан гарагийн орой ёс юм шиг орох дуртай уушийн газар хүнээр пиг дүүрсэн учир уушиг зүрхээ нээн шавайгаа ханатал ярилцах гэсэн бидний хэдэн найз бүсгүйчүүд урамгүйхэн өөр газрыг зорилоо. "Үнэтэй юм биш үү" гэж найз хүүхнээ нэг нудартал, зүгээрээ гэж харцаараа намжирдчихаад бөгсөө хаялан гоёмсог шилэн хаалгаар яваад орчихов. Мах гурил авна, талх авна, оо дууссан харагдсан гэж бодсоор түрийвчиндээ байгаа хэдэн төгрөгөө ягштал тооцон өөртөө итгэлгүйхэн араас нь дагалаа. Харваас бэл чинээтэй, халаас зузаан хүмүүс зорьдог нь илт, бүдэгхэн гэрэлтэй хэрнээ тохилог орчинтой тансаг танхимд хөлөө зөөж ядан бүлтгэнэн орохдоо анх удаа өмссөн зүүснээсээ ичих сэтгэл төрж, найз хүүхнүүдтэйгээ хүртэл харьцуулах бодол ургалаа. Уянгаагийн хумс нь хүртэл гялтганан гялалзаж, бэлхүүсийг нь яг барьсан хар бүстэй даашинз нь залуу охин шиг жавхаатай харагдуулж, үнэтэй будаг шунх хэрэглэсэн нүүр нь гялалзаж, ойртох бүр сүрчигний үнэр ханхийж, урт хар үс нь мөрийг нь даван доргиотно. Гэтэл нас чацуу би дотроо өөрийгөө түүнээс хамаагүй царайлаг гэж дүгнэдэг боловч үнэн хэрэгтээ илүү гэр шиг өнгө муутай харагдаж байгаагаа мэдэрнэ. Угааж цэвэрлэхээс биш гоо сайхан энэ тэрийг үзээгүй гар минь мойнийчихсон ч юм шиг, ганц сайхан зурагт гэртээ авч тавья даа гэж гүрийсээр хэдэн сар солиогүй хувцас минь гундуухан ч юм шиг, нүдний минь харц ч амьдралын аар саард түүртэн гал нь бөхөж орхисон мэт. Санаа алдаад би гурван хундага архи угсраагаар нь дугтарчихлаа. Нөхөртэйгөө сууснаас хойш би эдээр эс боловч, сэтгэлээрээ баян амьдарсан минь үнэн. Хоёр биенээ гэсэн халуун сэтгэл, хайр дурлалаас өөр өмчгүй амьдралаа тэгээс эхэлсэн бид хоёр энэ хэдэн жил идэх өмсөхөө арвилан хэмнэн зүтгэсээр айлын дайтай айл болсон билээ. Нөхрөө би баян тансаг амьдралд умбуулсангүй гэж нэг ч удаа зэмлэж үзээгүй. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй зүтгэж яваа хань минь эвий гэж энхрийлж л боддог. Даанч өнөөдөр би чинь эмэгтэй хүн шүү дээ бусдаас юугаараа дутах юм гэсэн нэг бяцхан атаач бодол дотор хорсгоод байгаа байдалдаа жаахан гомдох шиг. Хэсэг суутал найз хүүхэн нударч байна. Хүүшээ чи хар даа гэж нэг л чухлыг хэлэх мэт түгшүүртэй дуугарахад нь заасан зүгт нь яаран хартал зүрх минь чулуун шалан дээр унаад хэдэн хэсэг бутрах шиг л боллоо. Даанч яав даа чи минь, нүдийг минь нулимс бүрхэж, гар минь чичрэн, урдаа байсан нэг хундагатайг нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Авааль нөхөр минь арван хэдтэй болов уу гэмээр годгор охин тэвэрчихээд нүдээрээ баяр баясгалан тодруулан маадгар алхана. Миний арвилан хэмнэх гэж ядахдаа троллейбусанд чихэлдэн ядардаг хэдэн төгрөг энд түүний гарын салаагаар урсана. Нулимс, гомдол хоёр хацар даган задгай урсаж, сэтгэлийн хөндүүрээ дарж дийлэхгүйдээ шууд хувцсаа аван гэр лүүгээ зүтгэлээ. Гутрах, гомдох, ичих, уурлан хорсох энэ бүхнээс гомдол нь хамгийн их жин даран цээж өвтгөнө. Гэртээ хариад өвдгөө тэврэн сууж хүлээлээ. Чаддагаараа муу нулимс минь л нүдийг минь улцайж хавдтал чимээгүй урсана. Хэдэн ч цаг суув мэдсэнгүй үүр цайхны алдад хаалганы түгжээ аяархан торхийж, орж ирэх нь дуулдана. Орон дээрээ өвдгөө тэврэн сууж, улайсан цоргитол ширтсэн намайг хараад цочсоноо газар ширтэн дуугүйхэн хувцсаа тайлж эхэллээ. Цамцаа сандал дээр шидэж, өмдөө газар хаяад, оймсоо тэр чигт нь чулуудахад нь өнөө хүүхнийхээ хувцсыг нямбайлан эвхэж тавьсныг нь санахаас босож очоод аль муугаар нь дуудан чарлаж, хаа тааралдсан газар нь зодож нүдэн уур бухимдлаа утаа болгон гаргаж нэгийгээ үзмээр бодогдоно. Сэтгэлдээ бол би түүнийг түмэн хэсэг болгон цавчиж, хайрлаж өнгөрүүлсэн өдөр болгоныхоо тоогоор дэвсэж хаямаар санагдана. Гэвч гар хөдөлсөнгүй, хэл хөшсөн мэт би дуугүй суусаар л... Тэр чив чимээгүй хажуугаар ороод цаашаа харан унтаад өглөө. Маргааш, нөгөөдөр түүний цаад өдрүүд урьдын адил хэвээр үргэлжилнэ. Харин би түүнтэй нэг ч үг дуугарсангүй. Тэр өдрөөс хойш би хувцсыг нь угааж, хоолыг нь хийсэн ч амаа нээлгүй харь танихгүй хүн мэт түүнтэй харьцав. Миний нулимс дуусаад, зүрх царцчихсан юм шиг. Тэр дахиж оройтсонгүй, цагтаа ирнэ. Гэмтэй гэдгээ мэдсэн юм шиг намайг царайчлан урдуур хойгуур бөндөгнөнө. Намайг тэр бусдын эхнэр шиг цамнан цовхчиж, хэрүүл уруул хийнэ гэж бодсон ч эсрэгээр эргэсэнд гайхаж эхэндээ баярлаж байснаа сүүлдээ айх болжээ. Би ганцаараа байхдаа дуу аялан, сэтгэл минь хачин ихээр хөнгөрсөнд өөрөө ч гайхаж, өөрийгөө ганц бие болсон мэтээр төсөөлж, мөнгөө хэрхэн өөртөө зарцуулах, өөрийгөө зугаацуулах талаар бодно. Би орой бүр шөнө оройтож ирэвч хүлээж суух нөхөр минь зэмлэж чадахгүй гөлөлзөн сууна. Би олсон, хадгалснаасаа шинэ хувцас авч, гоо сайхан, массажинд орж, найзуудтайгаа цэнгэн наргиж, хаашаа ч явсан такси хөлөглөн сүнгэнэнэ. Харин бидний дунд бат гэгчийн чулуун хэрэм өдөр ирэх тусам зузааран өндөрсөнө. Сар боллоо. Хоёр сар боллоо. Би бахь байдгаараа чулуун хөшөө мэт таг дүлий царайлан амьдарсаар. Бид хоёр зүгээр л нэг гэрийг хуваан амьдарч байгаа хөндлөнгийн хүмүүс мэт байлаа. Тэр энэ зуур ярилцах гэж гуйлаа, архи ч уулаа, тэнэж алга боллоо, сүүлдээ шалдаа буун гуйж гувшлаа би тоосонгүй. Хөлөөс минь зууран гуйх түүнийг би түлхэж орхиод гэрээс гаран одлоо. Үүрээр намайг халамцуу ирэхэд тэр яг над шиг унтаж чадалгүй сэлхэрсэн нүдээрээ өрөвдөлтэй ширтэн орон дээрээ сууна. "Ганцхан удаа шүү дээ" гэж тэр өрөвдөлтэй дуугарлаа. Хоолны давс ихдэж хэмээн уурладаг байсан том дуу нь цаашаа ороод өрөвдөлтэй гонгинох нь дур гутам. Би үг дуугүй хувцсаа баглаж эхэлтэл, тэр өвдгийг минь тэврэн жаахан хүүхэд шиг мэгшин уйллаа. Би түүний уйлахыг анх удаа харсан минь тэр. Гэр бүлийн минь ноён нуруу тэнд хугарах шиг санагдаж билээ. Би бөхийн сууж толгойг нь энгэртээ наан, ууч зөөлөн сэтгэлээр түүнийгээ би өөрөө л буруутан мэт аргадахад халуун нулимс нь энгэр нэвтэлж байсансан. Унаж хагарсан ваарыг эвтэйхэн эвлүүлэн наагаад, өнгөлөн будахад шинэ юм шиг гялалзан байвч хэзээд зөөлөн болгоомжтой хандаж, газар унагалгүй энхрийлж, халуун зүйл хамаагүй хийлгүй санаж сэрэмжилж явмаажин, ваар урьдын адил бүрэн бүтэн харагдана. "Ганцхан удаа" унагавал хагарна. Ганц удаагийн уналтаар бүр эвлүүлэх аргагүй бутарч мэднэ. Халуун сэтгэлийг сэвтээхэд ганц удаа хангалттай. Миний уучлал ч гэсэн "ганцхан удаа" байсан юм.


Зохиогч Т. Хонгорзул
READ MORE - Ганцхан удаа

Friday, December 31, 2010

Хүний мөс



Италийн алдарт кино од Vittorio de Sica телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж ярьжээ. 

Италийн Наполи хотын захын хорооллын нэгэн кафед кофе ууж байлаа. Кафед орж ирсэн нэгэн үйлчлүүлэгч зөөгчид хандан
- Due caffee, un sospeso (хоёр кофе, нэг нь өлгүүрт) гэж хэлээд хоёр аяга кофены мөнгө төлөөд нэг аяга кофе уугаад явав. 
Зөөгч лангууны дээр байсан хадаасанд нэг жижиг цаас хатгав. Удалгүй хоёр хүн орж ирэн
-Due caffee e un sospeso (хоёр кофе, нэгийг нь өлгүүрт) гэж захиалаад гурван аяга кофены мөнгө төлөөд хоёр аяга кофе уув. 
Зөөгч дахин нэг цаас авч, хадаасанд хатгалаа.
Иймэрхүү байдлаар олон үйлчлүүлэгч орж гарав. Харин хуучин ноорхой хувцастай нэгэн ядуу хүн кафед орж ирээд зөөгчид хандан
-Un caffee sospeso (өлгүүрээс нэг кофе) гэхэд зөөгч түүнд кофег нь авчирж өгөв. Өнөөх хүн мөнгө төлөлгүй гарч явлаа. Зөөгч лангууны дээрх хадаасанд хатгасан цааснаасаа нэгийг нь авав.

Сургамжит өгүүллэг 3-аас...
READ MORE - Хүний мөс

Thursday, December 9, 2010

Амьдралын сонголт



Нэгэн өдөр тосгонд гол үерлэжээ. Тариачин эр голд живсэн эхнэрээ аварч байгаад хүүгээ аварч чадсангүй. Тэр явдлаас хойш тариачны сонголтын талаар тосгоны амтай болгон л зөв буруу гэлцэн ярилцаж байв. 
-Дахиад хүүтэй болж болно шүү дээ. Зөв сонголт байсан гэж сайшаах хүн байсан ч 
-Дахиад гэрлэж болно. Гэтэл нэгэнт өөд болсон хүү нь дахин олдохгүй биз дээ? гэж буруушаах хүн ч байв.
Тосгоны нэгэн эр өнөөх тариачин дээр очиж тэр үед юу бодсоныг нь асууж гэнэ. Тариачин ингэж хариулжээ.
- Тэр үед юм бодох сөхөө байгаагүй. Үерийн ус оволзоход эхнэр минь түрүүлж харагдсан. Тэгээд эхнэрээ аврахаар голд үсэрч орсон. Хүүгээ аврахаар эргэхэд нэгэнт хожимдсон байсан.
READ MORE - Амьдралын сонголт

Monday, November 29, 2010

Хэрэв би мэдэж байсансан бол...



Хэрэв би таныг надтай дахин хэзээ ч уулзахгүйгээр холын хол явчихна гэдгийг мэдэж байсансан бол чанга тэврээд бас үнсэх байсан юм.

Хэрэв би таны дуу хоолойг хамгийн сүүлийн удаа сонсож байгаагаа мэдсэнсэн бичлэг хийж аваад, таныг санах болгондоо үүнийгээ үзэж өөрийгөө тайвшруулах байсан юм.

Хэрэв би таныг хамгийн сүүлийн удаа сургаал үгээ хэлж байгааг мэдсэнсэн бол "Би наад үгийг чинь зөндөө сонссон" гэж уцаарлахын оронд "Би танд хайртай" гэж хэлэх байсан юм.

Хэрэв би тантай хамгийн сүүлийн удаа нэг өдрийг өнгөрөөж байгаагаа мэдсэнсэн бол найзуудтайгаа утсаар ярьж, зурагт үзэж суухын оронд тантайгаа илүү дотно ярилцаж, гадуур хамтдаа зугаалах байсан юм.

Хэрэв би танд үнсүүлэх боломж дахин хэзээ ч олдохгүй гэдгийг мэдсэнсэн бол дуртай дургүй хацраа өгөхийн оронд ханатлаа эрхэлж, хэдэн мянган удаа үнсүүлэх байсан юм.

Хэрэв би таныг нэг л өдөр ингээд нисээд явчихна чинээ санасан бол ажил ихтэй гэж яарахын оронд өвөрт чинь хамт хэвтээд үнэрийг чинь үнэрлэж хэвтэх байсан юм.

Танд хоёрдахь боломж олдохгүй байж мэдэх юм. Магадгүй энэ л өдөр танд дотны хүнтэйгээ хамт байх сүүлчийн боломж байж болох юм. Иймээс өдөр бүрийг үнэ цэнэтэйд тооцож хайртай хүмүүстээ өөрийгөө зориулаарай. Маргааш гэж хүлээхийн оронд өнөөдөр яагаад хийж болохгүй гэж? Хөгшин, залуу хэнд ч байсан маргааш гэдэг өдөр олдох эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс эргээд харамсахгүйн тулд энэ өдрийг хайраар дүүрэн өнгөрүүлээрэй.


Info TV сэтгүүлээс...
READ MORE - Хэрэв би мэдэж байсансан бол...

Wednesday, November 24, 2010

Арслын хулгана хоёр



Араатны хаан арслан ав хийгээд ихэд ядарсан тул үүрэндээ ирж унтаж гэнэ. Гэтэл нэг хулгана дээгүүр доогуур нь гүйгээд түүнийг ер унтуулсангүй. Арслан сэрээд хулганыг бариад авчээ. Уурандаа хулганыг яг базаж алахын даваан дээр хулгана өршөөл эрэн гуйж гэнэ.
-Намайг битгий алаач. Магадгүй хэзээ нэгэн өдөр би танд тус болох ч юм бил үү гэв. Хулганы хэлсэн үгийг сонсоод арслангийн инээд нь хүрч
-Чи ийм жижигхэн байж надад яаж тусалж чадах вэ дээ. Гэхдээ яахав чамайг энэ удаа амьд үлдээе гэжээ.
Энэ явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа нэгэн өдөр арслан анчдын тавьсанд торонд орчихож гэнэ. Хичнээн үсэрч, цовхрон архирсан ч торноос гарч чадсангүй. Гэтэл өнөөх амийг нь өршөөсөн хулгана тэр хавиар явж байгаад арсланг олж харав. Тэгээд түүн дээр очин шууд л шүдээрээ торыг мэрсээр байгаад арсланг торноос нь чөлөөлжээ. Хулгана арсланд хандан
-Та намайг жижигхэн гэж голж байсан. Харж байгаа биз дээ, би таны амийг аварч чадлаа шүү дээ гэжээ.
Арслан үүнээс хойш ямар ч жижиг тусын хариу ирдэг юм байна гэдэгт итгэдэг болжээ.


Сургамжит өгүүллэг 3-аас...
READ MORE - Арслын хулгана хоёр

Wednesday, November 10, 2010

Хайрын тодорхойлолт



Сэтгэл судлалын багийнхан 4-8 насны хүүхдүүдэд "Хайр гэж юу вэ?" гэсэн асуултыг тавьжээ. Хариултууд тэдний төсөөлж байснаас ч илүү өргөн, гүн утгатай байсан юм.

Хүүхдүүд хайрыг чухам юу гэж боддог юм бол?
1. "Манай эмээ үе мөчний өвчтэй болохоор хөлийн хумсаа будаж чаддаггүй. Өвөөгийн гар нь бас үе мөчний өвчнөөс болж өвддөг болсон ч гэсэн эмээгийн хумсыг будаж өгдөг. Энэ бол хайр." Ребека 6 настай

2. "Хэн нэгэн чамайг хайрлаж байвал нэрийг чинь бусдаас нэг л зөөлхөн дууддаг. Тэд чиний нэрийг ингэж дуудахад чи аюулгүй байгаагаа мэдэрдэг. Энэ бол хайр." Билли 4 настай

3. "Хайр бол эмэгтэй нь үнэртэй ус түрхээд, харин эрэгтэй нь сахлын ус түрхээд бие биенийгээ үнэртэхээр гадагшаа гарахыг хэлдэг." Карл 5 настай

4. "Хайр бол таныг ядарсан үед инээлгэж чаддаг." Тэрри 4 настай

5. "Ээж маань кофе чанаад аавд өгөхөөсөө өмнө амттай болсон эсэхийг нь шалгадаг. Энэ бол хайр." Дэнни 7 настай

6. "Хайр бол хэн нэг нь чамайг үргэлж үнсэхийг хэлдэг. Хэрвээ чи үнсүүлээд ядарвал ханатлаа ярьж болно. Тэр чамайг дуртайяа сонсоно." Эмили 8 настай

7. "Ээж маань надад маш их хайртай. Учир нь хэн ч намайг унтах бүрд минь ээж шиг минь үнсдэггүй." Клара 6 настай

8. "Чи гөлгөө өдөржин ганцааранг нь үлдээсэн байлаа ч чамд эрхэлж байвал энэ хайр мөн." Мэри 4 настай

9. "Хэрвээ чи дурласан бол нүдэнд чинь оч гялалзана. Энэ бол хайр." Кэрин 7 настай

10. "Хэрвээ чи хайргүй бол хэзээ ч битгий БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлээрэй. Харин хайртай бол энэ үгийг дандаа хэлж байх хэрэгтэй." Жессика 8 настай

Эцэст нь энэ санал асуулгын үр дүнд жинхэнэ хайр гэж юу болохыг харуулсан 4 настай хүүг ялагчаар тодруулсан юм. Хүүгийн хөрш болох хөгшний эхнэр нь нас бараад удаагүй байсан ажээ. Хөгшин эрийг уйлж байхыг хараад хүү хашаанд нь орж, өвөр дээр гараад удаан сууж гэнэ. Хүүг гэртээ орж ирснийх нь дараа ээж нь "Чи түүнд юу гэж хэлсэн бэ?" гэж асуухад хүү "Юу ч хэлээгүй ээ. Би зүгээр л түүнийг уйлахад нь хань болж тусалсан юм" гэжээ. Энэ бол жинхэнэ хайр биш гэж үү?

Info TV сэтгүүлээс...
READ MORE - Хайрын тодорхойлолт

Аз жаргал



Эцэг муур сүүлээ барихыг оролдон тоглож суугаа зулзагаасаа
-Яагаад сүүлээрээ тоглоод байгаа юм бэ гэж асуухад зулзага нь
- Муур бидний хувьд хамгийн сайхан зүйл бол аз жаргал, тэр аз жаргал нь бидний сүүл гэдгийг би мэдлээ. Үүнийг барих болгондоо би өөрийгөө аз жаргалтай болсон гэж боддог гэж хариулав. Эцэг муур түүнд
-Би ч гэсэн чам шиг залуу байхдаа яг ингэж боддог байсан. Гэвч хожим би үүнийг олж мэдсэн юм.
"Түүний араас хөөцөлдөх тусам тэр надаас холддог. Харин бид өөрийнхөөрөө амьдрах үед аз жаргал өөрөө аяндаа бидэнд ирдэг юм."
Цаг нь болохоор аз жаргал таныг өөрөө олоод ирэх болно. Тиймээс та өөрийнхөөрөө л амьдрахад болно. 


Сургамжит өгүүллэг 3-аас...
READ MORE - Аз жаргал

Monday, November 8, 2010

Хайрын 100 өдөр



Хоёр найз цэцэрлэгт хүрээлэнд ярилцан сууна.

Бүсгүй: Би уйдаад байна. Найз залуутай болж, үргэлж хамтдаа байх юмсан.
Залуу: Болзох хүнтэй бол би лав энд ингэж сууж байхгүй... (Уртаар санаа алдав.)
Бүсгүй: Хоёулаа нэг тоглоом тоглох уу? Тэгвэл сонирхолтой байж болох юм.
Залуу: Тоглоом оо, ямар тоглоом гэж?
Бүсгүй: Тун энгийн. 100 өдөр чи миний найз залуу бол. Энэ 100 өдөр би чиний найз бүсгүй болъё.
Залуу: Сонирхолтой л юм. Цаг ч зугаатай өнгөрөх байх.
Бүсгүй: За тэгвэл өнөөдөр эхний өдөр нь шүү. Бас бидний анхны болзоо. Юу хийх үү?
Залуу: Хосууд кино үздэг биз дээ. Сайхан кино гарч байгаа гэсэн. Хоёулаа кино театр орвол ямар вэ?
Бүсгүй: Тэгье. Надад чинийхээс дээр санаа алга.

Шинэхэн хос анхны болзоогоо ингэж эхэлжээ.

2 дахь өдөр
Тэд концерт үзэж, залуу нь бүсгүйдээ гялалзсан одтой түлхүүрийн оосор бэлэглэв.

3 дахь өдөр
Тэд нэг найзынхаа төрсөн өдөрт зориулж бэлэг худалдан авахаар дэлгүүр орохдоо мөхөөлдөс идэж, анх удаа бие биенийгээ тэврэв.

7 дахь өдөр
Тэд уулан дээр гарч нар жаргахыг харав. Шөнө болж, тэргэл саран орчныг гэрэлтүүлж, одод түгэх хүртэл тэд өвсөн дээр хэвтлээ.

25 дахь өдөр
Залуу бүсгүйгээ дагуулан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, хөвөн чихэр авч өгөв. Айдсын агуйд тэд гар гараасаа атган явлаа.

67 дахь өдөр
Тэд цирк үзэхээр явлаа. Циркийн одой алиалагч бүсгүйн тусламжийг авахаар тайзанд урихад залуу инээдээ барьж ядан сууна. Тоглолт дууссаны дараа циркийн гадаа сууж байсан мэргэч эмэгтэй тэр хоёрын гарыг хараад “Энэ цаг үеэс эхлэн хором бүрийг хайрлаж яваарай” гэж хэлээд босоод явчихав. Тэд юу ч ойлгосонгүй. Оюун санаа нь эрүүл бус хүн байна гэж тэд ярилцаад инээлдэн цааш алхлаа.

84 дэх өдөр
Нар жаргаж байх үед тэд анх удаа үнсэлдлээ. Шөнө дунд болтол үзэсгэлэнт оддыг ширтэн харж, элдвийг ярилцан суув. Од харвахад бүсгүй дотроо юуг ч юм хүсэн шивнэжээ.

99 дэх өдөр
Энэ өдрийг тэд энгийнээр өнгөрөөхийг хүслээ. Хотын гудамжаар алхаж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, сандал дээр очиж суув.

13 цаг 23 минут
Бүсгүй: Миний ам цангаад байна.
Залуу: Эндээ хүлээж байгаарай. Би уух юм аваад ирье. Юу уумаар байна?
Бүсгүй: Хүйтэн ундаа л уумаар байна.

13 цаг 45 минут
Бүсгүй 20 гаруй минут хүлээсэн боловч залуу ирсэнгүй. Гэтэл нэгэн танихгүй хүн маш их сандарсан байдалтай бүсгүй дээр хүрч ирэн “Гудамжны төгсгөлд согтуу жолооч нэг залууг мөргөөд зугтаачихлаа. Тэр залуу чамайг энд байгаа гэж надад хэллээ” гэж хэлэхийг сонсоод бүсгүй хар хурдаараа гүйлээ. Бүсгүй үл таних хүний заасан гудамжаар дөнгөж эргэтэл залуу зам дээр хэвтэж байгаа харагдав. Түүний толгойноос гарсан цус зам дээр урсаж байсан ч, ундаагаа гартаа чанга атгасан байлаа. Түргэн тусламжийн тэрэг ирж, залууг авч явахад бүсгүй ч эмнэлэг дээр хамт очив. Бүсгүй эмнэлэгт өдөржин уйлж хүлээжээ.

23 цаг 51 минут
Эмч: Уучлаарай, бид чадах бүхнээ хийлээ. Одоохондоо амьд байгаа ч гэсэн хүнд гэмтлээс болоод ямар ч найдваргүй болсныг хэлэхэд тун харамсалтай байна. Бид түүний халааснаас энэ захидлыг олсон юм. Чамд очих ёстой гэж бодож байна.
Эмч бүсгүйн гарт захидлыг атгуулаад залуу дээр орохыг зөвшөөрлөө. Бүсгүй нулимсаа барьж ядан залууг харахад яг л унтаж байгаа мэт тайван харагдана. Бүсгүй арай ядан захидлыг задлан уншлаа.

“Тун удахгүй бидний 100 дахь өдөр болно. Чамтайгаа хамт байсан болохоор энэ бүх л өдөр надад хэзээ ч мартагдахааргүй өнгөрсөн. Хэдийгээр чи заримдаа уйтгартай, бодлогшронгуй байдаг ч миний амьдралд жаргал авчирсан юм шүү. Өнгөрсөн хугацаанд чамайг миний жинхэнэ хайр байсныг мэдээгүй явсандаа харамсаж байна. Дэргэд минь үүрд байгаач. Би чамд хайртай...”

23 цаг 58 минут
Бүсгүй: Хайрт минь, од харвахад намайг юу хүссэнийг мэдэх үү? (Ихэр татан уйлав.) Бидний 100 өдөр үүрд үргэлжлээсэй гэж хүсэн залбирсан юм. 100 өдрөө үүрд үргэлжлүүлье, намайг битгий орхиоч дээ хайрт минь. Би чамд хайртай, хайртай шүү дээ. Энэ үгийг хэлэх боломж өгөөч...

Цагийн зүү 12-ыг заахад залуугийн зүрх цохилохоо болив. Энэ нь тэдний 100 дахь өдөр байсан юм.

Жич: Жинхэнэ хайрын нууц нь нөхөрлөлийн хүч юм. Тиймээс жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхөрлөлийг олох хэрэгтэй. Хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлахын тулд түүнийг хэрхэн харагдаж байгаагаар нь биш, харин байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл эхлээд нөхөрлөлийг бий болгоорой. Үүрдийн хайр дэргэд чинь байдаг юм шүү.


Info TV сэтгүүлээс...
READ MORE - Хайрын 100 өдөр

Friday, November 5, 2010

Зүүд



Нэгэн багш ангийнхаа хүүхдүүдийн зүүдэнд ажиглалт хийж гэнэ. Зүүд зүүдлэх нь хүний биеийг ямар их тайвшруулж, хүнд ямар их хэрэгтэй болохыг мэдсэнийхээ дараа сурагчдаасаа 
-Урьд шөнө та нар юу зүүдлэв гэж асуув.
Хүүхдүүд гараа өргөн нэг нэгээрээ зүүдээ ярив. Тэдний ихэнх зүүд нь хэд хоногийн өмнө талбай дээр осолдсон онгоцтой холбоотой байлаа. Бас эхнэр хүүхдээ зам дээр хутгалж хөнөөсөн тэтгэврийн хөгшний тухай зүүдэлсэн байв.
Багш хамгийн арын ширээнд суугаа сурагч гараа өргөөгүйг анзаарсан тул түүн дээр дөхөж очин
-Али, чи юу зүүдэлсэн бэ? Чи арай зүүд зүүдэлдэггүй юм биш биз дээ? гэж асуув.
Хүүгийн хацар нь улайн, ичингүйрч
-Зүүдэлсэн л дээ. Гэхдээ миний зүүд их өөр гэхэд багш нь
-Тэгвэл бидэнд зүүдээ ярьж өгөөч. Зүүд бүхэн адилхан байх албагүй шүү дээ.
-Би өвөөтэйгөө загас барихаар явснаа зүүдэлсэн. Бид хоёр маш том загас барьсан. Тэгээд гэртээ харьсан гэв.

Багш дараа долоо хоногт зүүдтэй холбоотой хичээлээ цааш нь үргэлжлүүлэв. Тэр долоо хоногт хүүхдүүдийн зүүдэлсэн зүүдний ихэнх нь нефтиэр баялаг нэгэн хотод болсон тэсрэлтэд хэдэн зуун хүүхэд өртсөн тухай, мөн нэгэн алдартай дуучин хөлөндөө буудуулсан тухай, бас нэгэн бизнесмен залуу барьцаалагдсан тухай байлаа.
Багш хамгийн арын ширээнд суугаа Али мөн л гараа өргөөгүйг мэдээд хажууд нь очин юу зүүдэлснийг нь асуув. Хүү цонхоор цасанд хучигдсан уул өөд харан
-Өнгөрсөн долоо хоногт манай олон хонь төллөсөн. Би зүүдэндээ хонио уулын бэлд байдаг горхи руу дагуулж явсан. Тэгээд тэнд цэцэгстэй ярьж, тэнгэрт дүүлэн нисэх шувуудтай уралдсан. Би яг л шувуу шиг нисэж байсан гэв.

Багш ажиглалтаа лавшруулан цааш судлахад Алигийн дүү нар ч адил зүүд зүүдэлсэн байв. Тэр ч бүү хэл өвөөгийнх нь зүүд хүртэл төстэй байжээ. Тэгээд багш ихэд сонирхон
-Үргэлж иймэрхүү зүүд зүүдэлбэл их сонирхолтой юм. Бүгд яг л кино шиг юм. Эсвэл ийм зүүд зүүдлэх ямар нэг шалтгаан байдаг юм уу? гэж Алигаас асуухад хүү инээмсэглэн
-Мэдэхгүй ээ багш аа. Зурагт авах чадалгүй ядуу болохоор Бурхан бидэнд ийм гоё кино шиг зүүд зүүдлүүлдэг байх гэжээ.


Сургамжит өгүүллэг 2-оос...
READ MORE - Зүүд

Friday, October 29, 2010

Реклам



Хаврын нэг сайхан өдөр Бруклины гүүрэн дээр нэгэн хараагүй хүн гуйлга гуйгаад сууж байв. Тэрээр энгэртээ "Төрөлхийн сохор" гэсэн пайз зүүжээ. Хүмүүс хараагүй гуйлгачны дэргэдүүр зүгээр л өнгөрч байв. Үүнийг ажигласан реклам сурталчилгааны нэгэн ажилтан пайзных нь ар талд нэг зүйл бичиж, бичсэн талаа хүмүүс рүү харуулж тавиад явжээ. Гэтэл хараагүй гуйлгачны хажуугаар өнгөрсөн хүн бүр мөнгө тавьж эхлэв. Гол нууц нь сурталчилгааны ажилтны бичсэн ганц өгүүлбэрт байлаа. Тэрээр "Цэцэг навч нахиалсан хаврын сайхан өдөр... Гэтэл би хаврыг харж чадахгүй байна." гэж бичжээ.


Сургамжит өгүүллэг 2-оос...
READ MORE - Реклам

Tuesday, October 26, 2010

Хясааны нулимс



Шүрэн ойн дунд нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ. Хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн гоёмсог загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.

Учир нь гаднах ясан бүрхүүлээ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг орж, хамаг биеийг нь холгож эхлэв. Бяцхан хясаа эхэндээ удахгүй гарчих байх гэж бодоод нэг их тоосонгүй. Гэвч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр шигдсээр байлаа. Ингэх тусам түүний бие маш их өвдөж шаналах болов. Тэрээр шаналсандаа өдөр бүр уйлж, хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв.

Юунд хэрхэн гомдохоо мэдэхгүй байлаа. Өөрийг нь зовоож байгаа элсэн ширхэгт үү? Эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юү? Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү?
Хөөрхий хясаа алинд нь ч гомдож чадсангүй. Өвчин нь бага зэрэг намжиж, өөрөө ч бага зэрэг тайвширсан нэг өдөр ингэж боджээ.

"Нэгэнт би тэр элсийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй хамт амьдрахад дасах нь зүйтэй юм байна. Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ."

Он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй хамт амьдарчээ. Маш их өвдөж, уйлдаг байсан ч гомдоллохоо больж гэнэ. Ингээд он удаан жил хөөрхий хясааг зовоосон өнөөх элсэн ширхэг асар их тэвчээрийн үр дүнд гайхамшигт тансаг сувд болон хувирчээ. Ингэж зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ.

Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөх бүрдээ гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч, түүний асар их тэвчээрийг нь магтан сайшаадаг болжээ.

Бяцхан хясааны амьдралыг үлгэр жишээ болгон хэцүү санагдаж байгаа зовлон бэрхшээлийг даван туулж сувд болгох боломж хүмүүс бидэнд ч байгаа шүү дээ.


Сургамжит өгүүллэг 3-аас...
READ MORE - Хясааны нулимс

Tuesday, October 19, 2010

Тана цэцэг



Шүүхийн танхимд чимээгүй суух наяад насны хөгшин хосын байдал элэг эмтрэм хөөрхийлөлтэй байлаа. Өвгөн нь зөрүүд загнан дуугаа хураан сууж буй ядрангуй эмгэнээ холоос нууцхан ширтэж суув. Шүүгч баргил хоолойгоор хөгшин эмэгтэйгээс 
-За эгч минь, яагаад гэрлэлтээ цуцлах хүсэлтэй байгаа билээ? гэж асуухад хөгшин эмэгтэй гүнзгий гэгч нь санаа алдаад сөөнгө хоолойгоор
-Энэ өвгөнөөс залхаж гүйцлээ. Одоо хангалттай. 50 жилийн турш намайг амьдралаас залхааж орхилоо хэмээн хариулав.
Шүүх танхим хэсэг дуугүй болж хэн ч дуугарсангүй. Энэ чимээгүй байдлыг иймэрхүү мэдээллийг сонинд томоор гарчиглан олон нийтэд цацдаг нэгэн сэтгүүлчийн зураг авах чимээ эвдлээ. Тэднийг сонинд юу гэж бичихийг хэн мэдэх билээ. 50 жилийн хамтын амьдрал хэрхэн төгсөх гэж байгааг хэвлэл мэдээллийнхэн чих тавин чагнаж суулаа... Тэнд байсан бүх хүний анхаарал хөгшин эмэгтэйн хачирхалтай ярианд хандсан байв.

Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хөгшин эмэгтэй
-Манайд нэг тана цэцэг байсан юм. Би түүнд маш их хайртай байсан. Тэр мэдэхгүй ээ... 50 жилийн өмнө болсон явдал л даа... Тэр цэцгийг би түүний надад өгсөн амьд цэцгийн баглаанаас үрслүүлж тарьсан юм. Бидэнд хүүхэд заяагаагүй учраас би тэр цэцгээ хүүхэд шиг л хайрладаг байв. Хэсэг хугацааны дараа цэцэг маань хатаж эхэлсэн. Тэр үед би дотроо "Шөнө бүр босож, үүр цайхаас өмнө нэг сав усаар цэцгээ усална" хэмээн өөртөө амласан юм. Ингэх нь их сайн хэмээн хүмүүс ярьдаг байсан юм. 50 жил болоход энэ хөгшин тэр шөнөөс өмнө нэг ч удаа шөнө босож цэцгийг чинь усалж өгөе гэж хэлээгүй... Тэр шөнө би их ядарсан учраас нам унтсан байлаа. Би ийм л хүнтэй 50 жилийг өнгөрүүлж дээ. Би түүнд амьдралаа, итгэл найдвараа бүгдийг нь зориулсан. Түүнээс би сайн юм үзсэнгүй. Өөрийнхөө хийдэг ажлаас нэгийг нь ч хийгээд өгөөсэй гэж хүлээж байгаагүй. Би үнэхээр түүнгүйгээр илүү сайн явна. Амлаж байна гэж хэлэхэд шүүгч хөгшин эр рүү харан 
-Ах минь, танд хэлэх зүйл байна уу? гэв. Хөгшин өвгөн таягаа тулан болож, гэмшсэн байдлаар шүүгч өөд харав. Тэгээд аажуухнаар
-Би цэргийн албаа ерөнхийлөгчийн ордны цэцэрлэгчийн албанд хаасан юм. Тэр цэцэрлэгийг амьд сайхан байлгахын төлөө чадах бүхнээ л хийдэг байлаа. Би эхнэрээ болон тана цэцгийг тэнд л таньсан юм. Түүнд би хамгийн сайхан цэцгийн баглааг өгдөг байв. Түүнтэйгээ гэрлээд удаагүй байтал түүний хүзүү нь өвдөж, бид эмчид хандсан. Эмч түүнийг олон цагаар унтвал хүзүүнийх нь шохойдолт ихэсч, байдал улам бүр муудах болно гэж хэлсэн юм. Шөнө бүр нойрноосоо сэрж, хэсэг хугацаанд алхаж, гишгэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Эмчийн зөвлөгөөг манай хүн төдийлөн тоохгүй байлаа. Өчнөөн удаа хэлээд дийлсэнгүй. Тэр үед аз болоход цэцэг маань хатаж эхэлсэн юм. Би түүнд энэ цэцгийг сайн усалбал сайн ургадаг гэж зөвлөлөө. Үүнийг хийхийн тулд өөртөө амлах хэрэгтэй байв. Шөнө болгон түүнийг сэрээж, түүнийг харж хэвтдэг байлаа. Хамгаас хайртай бүсгүйнхээ хүүхэд шигээ хайрладаг цэцгээ услаж байхыг нь харахад сайхан байдаг байв. Тэгээд яриагаа цааш үргэлжлүүлэн
-Шөнө болгон түүнийг унтсаны дараа би босдог байлаа. Цэцгийн савнаас усыг нь асгахын тулд шүү дээ. Учир нь тана цэцэг усанд дургүй юм шүү дээ шүүгч минь... Тэр шөнө хөгшин би  унтаж сэрж чадалгүй унтаж орхисон юм. Цэцгийг услахгүй байж болох байсан ч эхнэрийн минь хүзүү дахин өвдөж болзошгүй байсан учраас үүнд өөрийгөө буруутган гэмшиж, би түүнд юу ч хэлээгүй юм... гэв.

Яг тэр мөчид шүүхийн танхимд байсан сэтгүүлчид болон бусад бүх хүн өөрийн эрхгүй уйлж байлаа.


Сургамжит өгүүллэг 3-аас 

READ MORE - Тана цэцэг

Thursday, October 14, 2010

Харагдаж байгаа шигээ биш



Хоёр тэнгэр элч дэлхий рүү буун хүний ертөнцөөр аялахаар шийджээ. Мэдээж жирийн хүний дүрээр аялж эхлэв. Эхлээд хотын хамгийн сайхан харшийн үүдийг тогшин хонох зөвшөөрөл эрэхэд гэрийн эзэн тэднийг ярвайн угтаж, хоол ундаар ч дайлалгүй тохилог халуун зочдын өрөөнд оруулахын оронд харанхуй чийгтэй зоорь луу оруулан "Шөнийг наанаа өнгөрөөчихөөд өглөө хурдхан яваарай" гэж хэлж гэнэ. Нимгэн дэвсгэрээ хүйтэн шалан дээр дэвсэн хэвтэхийг завдаж байгаад насаар арай ахимаг тэнгэр элч нь зоорины хана нурах дөхсөнийг анзаарчээ. Хуучин хананд гараа хүргэтэл өнөөх хана тэр даруй шинэхэн өрсөн мэт бат бөх болон хувирав. Залуу тэнгэр элч учрыг асуутал "Бүх зүйл цаанаа ямар нэгэн учиртай. Тиймээс аливаа зүйлийг өнгөн талаас нь бүү хар" гэжээ.

Маргааш орой нь хоёр тэнгэр элч хөдөөний нэгэн айлд хонох зөвшөөрөл эрэн хаалгыг нь тогшиж гэнэ. Тэднийх амжиргааны ганц үнээтэй тул түүнийхээ сүүг саан хотод аваачиж заран амь зогоодог байжээ. Гэрийн эзэд тэднийг гэртээ оруулан тарчигхан ширээндээ гийчдийг урин хамаг байдгаараа дайлж гэнэ. Унтах цаг болоход гэрийн эзэгтэй "Та бүхэн холоос ирсэн явуулын хүмүүс тул орон дээр унтагтун. Бид энүүгээр учраа олоод унтчихна" хэмээн хэлээд дулаахан сайхан ор засаж өгөв. 

Нар мандаж өглөө болж, хоёр зочныг сэрэхэд үнээ нь үхчихсэн хэвтэж байв. Эхнэр нөхөр хоёрын цөхрөнгөө баран уйлж суухыг харсан залуу тэнгэр элч ахмаддаа уурлан 
-Өнгөрсөн шөнийн айл баян мөртлөө биднийг тээршааж байхад та тэдний хуучирсан ханыг засчихаад, харин энэ эхнэр нөхөр хоёр биднийг тав тухтай байлгах гэж хамаг байдгаараа хичээж байхад ийм сайхан хүмүүсийн ганц үнээг яагаад үхүүлэв" гэхэд ахмад элч 
-Аливаа зүйл заавал өнгөн талдаа харагдаж байгаа шигээ байх албагүй" гэж хариулжээ. 
-Таны юу гэх гээд байгааг сайн ойлгосонгүй. Тэгээд яг ямар учиртай юм бэ хэмээн залуу тэнгэр элчийг ууртай асуухад ахмад тэнгэр элч
-Аливаа зүйл заавал өнгөн талдаа харагдаж байгаа шигээ байх албагүй хэмээн давтаж хэлээд "Эхний хоносон айлын нурах дөхсөн хананы цаана олон жилийн өмнө нуусан алт эрдэнэс байсан юм. Тэр хүмүүс баян цатгалан ч харамч хомхой улс байсан учраас тэр эрдэнэсийг авах эрхгүй. Тийм учраас би тэр нурах дөхсөн ханыг зассан юм. Харин өнгөрсөн шөнө эрлэгийн элч энэ айлын эхнэрийг авахаар ирэхэд нь би эзэгтэйн амины оронд үнээний амийг авахыг санал болгосон. Хэрвээ тэгээгүй байсан бол өнөө өглөө айлын эзэгтэй байхгүй байх байсан" хэмээн тайлбарлажээ.

Заримдаа золгүй муу явдал мэт харагдах зүйлийн цаана ямар нэгэн сайн учир шалтгаан агуулагдаж байж болох юм.


Сургамжит өгүүллэг 3-аас...
READ MORE - Харагдаж байгаа шигээ биш