Tuesday, August 28, 2012

Эхний бөгөөд сүүлчийн болзоо

Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна.

“Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Ааваас минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь.

...

Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, кино үзэхийг урилаа.

“Яав? Юу болов?” гэж ээж минь их л гайхаж байна. Шөнө орой утас дуугарах, гэнэтийн урилгад хөгшчүүлийн сэтгэл зовж түгшдэг бололтой. Цагийг хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн миний санал ээжид таалагдав.

Орой ажлаа тараад ээжийгээ авахаар явахдаа сэтгэл ихэд хөдөлж байлаа. Намайг ирэхэд ээж минь үүдэн дээрээ хүлээж байв. Харваас догдолж буй нь илт.

Үсээ ардаа шууж, хуримынхаа сүүлчийн ойг тэмдэглэхдээ өмссөн даашинзаар гоёжээ. Намайг хараад инээмсэглэж, царай нь баярласандаа гэрэлтэж байлаа. Машинд суунгаа найз эмгэчүүлдээ хүүтэйгээ хамт явах гэж байгаагаа, ресторанд хооллох тухайгаа дуулгаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцсанаа ярилаа.

Бид нэг их үнэтэй биш ч тохилог ресторан сонгов. Ээж минь гараас сугадаж, тэргүүн хадагтай шиг л алхана. Ширээнд сууж цэсийг уншиж байхдаа ээж минь намайг хараад ямар нэг юм дурсаж байгааг ажиглав.

-Чамайг бага байхад рестораны цэсийг би чамд уншиж өгдөг байж билээ гэхэд,
- Одоо та амарч, таны өмнөөс би уншъя гэлцэж хөхрөлдлөө.

Хооллож байхдаа бид чин сэтгэлээсээ ярилцав. Онцгой чухал юу ч яриагүй зөвхөн өдөр тутмын жирийн л юм ярилцав. Бид кино үзэхээ ч мартан, их удаан ярилцав. Ээжийгээ хүргэж өгөх замд ээж минь надтай хамт дахиад ресторан явах, гэхдээ өөрөө урих болзлоо хэллээ. Би ч зөвшөөрөв.

Гэртээ харихад ээжтэйгээ хамт байх таалагдсан эсэхийг эхнэр асуув. Санаж байснаас ч илүү гэж би дуу алдлаа.
 

Хэд хоногийн дараа ээж минь зүрхний шигдээсээр нас барав. Бүх юм хурдан өнгөрч би юу ч хийж чадсангүй.

Хожим нь би ээжтэйгээ хамт хооллосон ресторанаас нэгэн урилга хүлээн авлаа. Дугтуйг задлахад: “Би чамтай хамт байх үгүйгээ мэдэхгүй байна. Хоёр хүний захиалга өгч төлбөрийг хийсэн. Хүү, бэр хоёртоо зориулав.”

“Хүү минь, тэр үдэш надад ямар чухал байсныг чи ойлгохгүй байхаа. Хүүдээ хайртай шүү” гэсэн бичиг байлаа.

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.