Thursday, October 14, 2010

Харагдаж байгаа шигээ биш



Хоёр тэнгэр элч дэлхий рүү буун хүний ертөнцөөр аялахаар шийджээ. Мэдээж жирийн хүний дүрээр аялж эхлэв. Эхлээд хотын хамгийн сайхан харшийн үүдийг тогшин хонох зөвшөөрөл эрэхэд гэрийн эзэн тэднийг ярвайн угтаж, хоол ундаар ч дайлалгүй тохилог халуун зочдын өрөөнд оруулахын оронд харанхуй чийгтэй зоорь луу оруулан "Шөнийг наанаа өнгөрөөчихөөд өглөө хурдхан яваарай" гэж хэлж гэнэ. Нимгэн дэвсгэрээ хүйтэн шалан дээр дэвсэн хэвтэхийг завдаж байгаад насаар арай ахимаг тэнгэр элч нь зоорины хана нурах дөхсөнийг анзаарчээ. Хуучин хананд гараа хүргэтэл өнөөх хана тэр даруй шинэхэн өрсөн мэт бат бөх болон хувирав. Залуу тэнгэр элч учрыг асуутал "Бүх зүйл цаанаа ямар нэгэн учиртай. Тиймээс аливаа зүйлийг өнгөн талаас нь бүү хар" гэжээ.

Маргааш орой нь хоёр тэнгэр элч хөдөөний нэгэн айлд хонох зөвшөөрөл эрэн хаалгыг нь тогшиж гэнэ. Тэднийх амжиргааны ганц үнээтэй тул түүнийхээ сүүг саан хотод аваачиж заран амь зогоодог байжээ. Гэрийн эзэд тэднийг гэртээ оруулан тарчигхан ширээндээ гийчдийг урин хамаг байдгаараа дайлж гэнэ. Унтах цаг болоход гэрийн эзэгтэй "Та бүхэн холоос ирсэн явуулын хүмүүс тул орон дээр унтагтун. Бид энүүгээр учраа олоод унтчихна" хэмээн хэлээд дулаахан сайхан ор засаж өгөв. 

Нар мандаж өглөө болж, хоёр зочныг сэрэхэд үнээ нь үхчихсэн хэвтэж байв. Эхнэр нөхөр хоёрын цөхрөнгөө баран уйлж суухыг харсан залуу тэнгэр элч ахмаддаа уурлан 
-Өнгөрсөн шөнийн айл баян мөртлөө биднийг тээршааж байхад та тэдний хуучирсан ханыг засчихаад, харин энэ эхнэр нөхөр хоёр биднийг тав тухтай байлгах гэж хамаг байдгаараа хичээж байхад ийм сайхан хүмүүсийн ганц үнээг яагаад үхүүлэв" гэхэд ахмад элч 
-Аливаа зүйл заавал өнгөн талдаа харагдаж байгаа шигээ байх албагүй" гэж хариулжээ. 
-Таны юу гэх гээд байгааг сайн ойлгосонгүй. Тэгээд яг ямар учиртай юм бэ хэмээн залуу тэнгэр элчийг ууртай асуухад ахмад тэнгэр элч
-Аливаа зүйл заавал өнгөн талдаа харагдаж байгаа шигээ байх албагүй хэмээн давтаж хэлээд "Эхний хоносон айлын нурах дөхсөн хананы цаана олон жилийн өмнө нуусан алт эрдэнэс байсан юм. Тэр хүмүүс баян цатгалан ч харамч хомхой улс байсан учраас тэр эрдэнэсийг авах эрхгүй. Тийм учраас би тэр нурах дөхсөн ханыг зассан юм. Харин өнгөрсөн шөнө эрлэгийн элч энэ айлын эхнэрийг авахаар ирэхэд нь би эзэгтэйн амины оронд үнээний амийг авахыг санал болгосон. Хэрвээ тэгээгүй байсан бол өнөө өглөө айлын эзэгтэй байхгүй байх байсан" хэмээн тайлбарлажээ.

Заримдаа золгүй муу явдал мэт харагдах зүйлийн цаана ямар нэгэн сайн учир шалтгаан агуулагдаж байж болох юм.


Сургамжит өгүүллэг 3-аас...

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.