Нэгэн багш ангийнхаа хүүхдүүдийн зүүдэнд ажиглалт хийж гэнэ. Зүүд зүүдлэх нь хүний биеийг ямар их тайвшруулж, хүнд ямар их хэрэгтэй болохыг мэдсэнийхээ дараа сурагчдаасаа
-Урьд шөнө та нар юу зүүдлэв гэж асуув.
Хүүхдүүд гараа өргөн нэг нэгээрээ зүүдээ ярив. Тэдний ихэнх зүүд нь хэд хоногийн өмнө талбай дээр осолдсон онгоцтой холбоотой байлаа. Бас эхнэр хүүхдээ зам дээр хутгалж хөнөөсөн тэтгэврийн хөгшний тухай зүүдэлсэн байв.
Багш хамгийн арын ширээнд суугаа сурагч гараа өргөөгүйг анзаарсан тул түүн дээр дөхөж очин
-Али, чи юу зүүдэлсэн бэ? Чи арай зүүд зүүдэлдэггүй юм биш биз дээ? гэж асуув.
Хүүгийн хацар нь улайн, ичингүйрч
-Зүүдэлсэн л дээ. Гэхдээ миний зүүд их өөр гэхэд багш нь
-Тэгвэл бидэнд зүүдээ ярьж өгөөч. Зүүд бүхэн адилхан байх албагүй шүү дээ.
-Би өвөөтэйгөө загас барихаар явснаа зүүдэлсэн. Бид хоёр маш том загас барьсан. Тэгээд гэртээ харьсан гэв.
Багш дараа долоо хоногт зүүдтэй холбоотой хичээлээ цааш нь үргэлжлүүлэв. Тэр долоо хоногт хүүхдүүдийн зүүдэлсэн зүүдний ихэнх нь нефтиэр баялаг нэгэн хотод болсон тэсрэлтэд хэдэн зуун хүүхэд өртсөн тухай, мөн нэгэн алдартай дуучин хөлөндөө буудуулсан тухай, бас нэгэн бизнесмен залуу барьцаалагдсан тухай байлаа.
Багш хамгийн арын ширээнд суугаа Али мөн л гараа өргөөгүйг мэдээд хажууд нь очин юу зүүдэлснийг нь асуув. Хүү цонхоор цасанд хучигдсан уул өөд харан
-Өнгөрсөн долоо хоногт манай олон хонь төллөсөн. Би зүүдэндээ хонио уулын бэлд байдаг горхи руу дагуулж явсан. Тэгээд тэнд цэцэгстэй ярьж, тэнгэрт дүүлэн нисэх шувуудтай уралдсан. Би яг л шувуу шиг нисэж байсан гэв.
Багш ажиглалтаа лавшруулан цааш судлахад Алигийн дүү нар ч адил зүүд зүүдэлсэн байв. Тэр ч бүү хэл өвөөгийнх нь зүүд хүртэл төстэй байжээ. Тэгээд багш ихэд сонирхон
-Үргэлж иймэрхүү зүүд зүүдэлбэл их сонирхолтой юм. Бүгд яг л кино шиг юм. Эсвэл ийм зүүд зүүдлэх ямар нэг шалтгаан байдаг юм уу? гэж Алигаас асуухад хүү инээмсэглэн
-Мэдэхгүй ээ багш аа. Зурагт авах чадалгүй ядуу болохоор Бурхан бидэнд ийм гоё кино шиг зүүд зүүдлүүлдэг байх гэжээ.
Сургамжит өгүүллэг 2-оос...
ix sonirxoltoi oguulleg bna....
ReplyDeletezuragt baga uzej bai gesen ug yum bnda kkk
ReplyDeleteBi zuuudleh mash durtai tend l bi amidrah shig boldog um gaihaltai zuud zuudleed serehed ter udur uuriiguu buren tseneglesen met huchtei l bdiin hehe
ReplyDelete