Thursday, July 29, 2010

Хайрын захиа

Расим хичээлээсээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь гоё зурагтай цаасан дээр ингэж бичсэн байв.
"Хүндэт Расим, таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хөөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна. Энэ хорвоо дээр танаар хайрлуулах, таны гэргий болох нь миний хувьд чин хүсэл минь билээ. Гэвч та бид хоёрын нас бага учир хэдэн жил хүлээх нь зөв гэж бодож байна. Одоохондоо танд өөрийгөө нууц хэвээр үлдээсэн нь дээр байх. Та хариугаа энэ хаягаар баталгаатай сайн дугтуйлж явуулаарай. Аав маань их хатуу хүн учир намайг тэр болгон гэрээс гарахыг зөвшөөрдөггүй. Одооноос өөрийгөө таны сүйт бүсгүй гэж бодож болох уу? Би гэртээ их уйддаг юм. Танаас хариу захиа авахыг их хүсч байна."

16 настай Расимд бусад сурагчдын адил хүнийг хайрлах, хайрлуулах хүсэл байсан нь мэдээж. Тэр захиаг уншаад сэтгэлд нь нэг оч үсрэх шиг л болов. Тэгээд тэр нэгэн үл таних охинд ухаанаа алдтал дурлажээ. Тэр орой кино үзэхээр гарах гэж байснаа болиод өрөөндөө орон охинд хариу болгон уртаас урт гэгч нь захиа бичив. Захиагаа шуудангийн хайрцагт хийчихээд алхаж байхдаа өөрийгөө 10 насаар том болсон мэт санаж байлаа.

Өөрийгөө Бедиа гэх тэр охин Расимын захианд маш нямбай нь аргагүй хариу бичнэ. Хэрэв Расим захиагаа ганц хоёр хоногоор хоцроовол охин дэлбэрэх шахам бухимддаг байжээ. Тэгээд захиандаа "Танд ямар их хайртайг минь, бас таны захиаг уншаад ямар их баяр хөөр болдгийг минь мэдсээр байж хөөрхий намайг юунд ингэтэл удаан хүлээлгэнэ вэ? Тэгээд бас захиагаа их богинохон, товч бичих юм. Нэг зүйл хүсэхэд захиагаа арай гаргацтай бичээрэй" гэсэн байв.

Расим түүнд тоогдохын тулд хэдэн цаг суун ноороглон байж роман шиг урт захиа бичдэг болов. Бедиа их хөгжилтэй охин байлаа. Заримдаа захиандаа ийм зүйл асуудаг байв.
"Хоёулаа гэрлээд бал сараа Италид тэмдэглэх үү? эсвэл Швед явах уу? Энэ хоёр улс ямар вэ? Ард түмэн нь юу эрхэлдэг бол? Тийшээ явахад ямар ямар улсаар дайран өнгөрдөг бол? Чи .............-ийн .................. зохиолыг уншсан уу? Чи ямар орноор аялах дуртайгаа бас бичээрэй."

Хүү сүйт бүсгүйдээ гологдохгүй тулд газар зүй болон уран зохиолын ном эргүүлж, түүнийхээ мэдэхийг хүссэн асуултуудад хариу олох гэж бүтэн өдөржингөө суудаг болов. Бедиа нэг захиандаа гомдсон тухайгаа бичжээ.
"Тантай уулзахаар шийдээд сургуулиасаа гарч ирэхийг чинь хүлээж байлаа. Гэвч таныг хараад миний сүйт залуу гэхээс их санаа зовсон. Хувцас, гутал чинь шавар болчихсон байсан. Жаахан хүүхэд шиг ноцолдсон юм уу? Тэр байдлыг чинь хараад таныг ичээхгүйн тулд уулзалгүй буцсан."

Расим захиаг уншаад ихэд ичив. Тэр өдрөөс эхлэн Расим хувцаслаландаа ихэд анхааран цэвэрхэн хувцасладаг болжээ. Бедиа бас нэг захиандаа Расимыг хичээлээ тараад шууд харихгүй орой болтол тэнэлээ гэж гомдоллов. Өдөржингөө Расимыг бодоод гэртээ байж байхад, өөр охидын араас гүйгээд байдаг юм уу? гэсэн байв.

Расим энэ хорвоо дээр Бедиагаас өөр хэнийг ч хайрлахгүй гэдгээ бичин, гудамжаар дахин хэсэхээ больж, тааралдсан охид руу шохоорхсон харцаар ч харахаа больжээ.

Нэгэн орой Расимын ээж аавд нь олж мэдсэн зүйлийнхээ тухай их л санаа зовсон байдалтай ингэж ярив.
"Хүү минь Бедиа гэдэг охиноос салахаа байжээ. Өнөөдөр өрөөг нь цэвэрлэж байгаад захиаг нь оллоо. Хүү минь биднийг орхиод явах нь ээ."

Харин аав нь ер санаа зовсон янзгүй, харин ч эсрэгээр ёжтой гэгч нь инээмсэглээд "Хонгор минь, битгий санаа зов. Расимд хайрын захиа бичдэг охин нь би байхгүй юу. Хүү сүүлийн үед их залхуу болоод байсан юм. Багш нь ч, чи бид хоёр ч, ер нь хэн ч Расимд алдаагүй, цэвэр бичихийг зааж дийлээгүй шүү дээ. Тэгээд бодож бодож эцэст нь энэ аргыг олсон юм. Расимын охинд бичиж байгаа захианы ачаар зөв бичиж сурч, энэ жил сургуулиа сайн төгсөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэнийг хэлэхэд би зөв сайхан бичихийг чамд захиа бичдэг байхдаа л сурсан юм шүү дээ" гэв.

4 comments:

  1. бид нар дунд сургууль байхдаа бас ингэж нэгнээрээ тоглодог байлаа. Би нэг л удаа гэнэдсэндээd

    ReplyDelete
  2. Bagabandiin amidaa ch muuhai barigdlaa daa aaahahaha.

    Ene ih hoorhon oguulleg shw. Tom shataaskii kk. AAV guai neeree aljaagaa bhgui yu.

    Neeh dogdoltson yavjiisan chini ???? heheh.

    moroodliin ohinoo nasaaraa haij onigootvol yaahiin

    ReplyDelete
  3. Hehe. humuusiin bichseniig unshsan chin bur ineed hurchihlee.

    ene aav arai l denduulsen yum shigee. gehdee ug avdaggui huuhdiig sahilgajuulahad uneheer sain arga bololtoi.kkk

    ReplyDelete
  4. huuurhiii mu Rasim bur orowdchihlooo,,
    medee yamar ih setgeleer unah bol doo..

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.