Thursday, July 22, 2010

Хаяггүй захидал





Хайрт эцэг эх хоёр минь,


Бүх бодол, сэтгэл санаагаа илэрхийлж чаддаг байсан бол үүнийг л та нартаа хэлэх байсан. Би байнга өсч, өөрчлөгдөж байна. Та нарын хүүхэд та нараас өөр хувь хүн болж өсч байна. Намайг таньж ойлгохыг хичээ. Би аливаа зүйлийг өөрөө туршиж байж сурна. Та нар минийхээр байх гэж зовох байх л даа. Тоглоом, найз нөхөд, хийж байгаа зүйл дээр минь аль болох чөлөөтэй байлга. Намайг хаана ч үргэлж бүү хамгаалж, халамжлаач. Би том болохыг хичнээн их хүсэвч заримдаа өөрийн эрхгүй хүүхэд шиг зан гаргадаг. Үүнийг маань бүү тоо. Намайг бүү эрхлүүл. Тэгвэл үргэлж хүүхэд хэвээрээ байхыг хүсэх болно. Хүссэн бүхнээ авч чадахгүйгээ мэдэж байна. Гэвч та нарыг аваад өгөхөөр авахгүй байж чадахгүй юм. Надад чадах, чадахгүй амлалт бүү өг. Амлалтаа биелүүлэхгүй болохоор чинь итгэл алдрах юм. Надад яг таг шийдвэртэй хандахаасаа бүү ай. Замаас гарахыг минь харвал хязгаарла. Та нарын тавьсан дэг журам, хоригийг чинь бүгдийг нь таалдаг гэж хэлэхгүй. Гэхдээ ерөөсөө хорихгүй байвал юу хийхээ мэдэхээ байх юм. Үг ба үйл чинь тохирохгүй байхаар эргэлзэж, тээнэгэлзэх юм. Бас энэ байдлыг чинь ашиглахгүй байж чадахгүй юм. Зөвлөмж сургаалаас чинь илүү зан авир чинь нөлөөлдгийг бүү мартаарай. Намайг хүмүүжүүлэхэд хааяа хааяа алдаа хийж болно. Үүнийг чинь би мартана. Харин та хоёрын бие биедээ өгөх хайр хүндэтгэл багасахыг харахаар миний сэтгэл шархалж, үргэлж бухимдмаар болдог. Битгий их орилж хашхираач. Чанга дуугаар хэлсэн зүйлсийг чинь тэр болгон сонсдоггүй. Зөөлөн, тодорхой ярьсан зүйл чинь толгойнд амархан тогтдог. "Би чиний насан дээр..." гэж хэлэх үгийг чинь нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргана.
Жижигхэн алдааг минь том хэрэг мэт бүү үз. Надад алдах боломж олго. Намайг айлгаж сүрдүүлэн бурууг минь хүлээн зөвшөөрүүлж, томоотой байлгах гэж бүү хичээ. Буруу занг минь засч, залруул. Шийтгэхээсээ өмнө намайг сонс. Миний буруу байвал шийтгүүлэлгүй яахав. Би суръя, мэдье гэсэндээ л асуудаг. Товч тодорхой тайлбарлаж өгвөл би сайн ойлгоно. 

Миний хэрээс хэтэрсэн юмыг надаас бүү шаардаарай. Харин хийж чадах зүйлийг минь хүлээ. Надад итгэдэг гэдгээ харуул. Намайг дэмжиж, үгүй юм аа гэхэд чармайлтыг минь сайшаагаарай. Намайг бусадтай бүү харьцуул, яагаад гэвэл өөртөө итгэлгүй болгоход хүргэнэ. Наснаас минь илү буурь суурь битгий хүсээч. Бүх дэг журмыг нэгэн зэрэг заах гэж бүү оролд, надад цаг хугацаа хэрэгтэй. Зуун хувь шударга хандаагүйг минь харвал бүү гайх. Намайг эвгүй байдалд бүү оруул, би худлаа ярихаас өөр аргагүйд хүрнэ. Та нарыг бухимдуулсан ч гэсэн тайван байдлаа бүү алдаарай. Уурлахыг чинь хүлээн зөвшөөрнө, гэхдээ намайг бүү доош нь хий. Ялангуяа бусдын дэргэд нэр төрийг минь бүү гутаа. Би ч бас та нарыг бусдын дэргэд эвгүй байдалд оруулж болно гэдгийг бүү март. Намайг буруутгасан байвал тайлбарлахаасаа бүү санаа зов. Надаас уучлалт гуйлаа гээд та нарыг хайрлах миний хайр багасахгүй. Харин ч намайг та нарт улам ойртуулах болно.


Уг нь би бол та нарыг байгаагаас чинь илүү сайн харж байна. Өөрсдийгөө алдаа гаргадаггүй, төгс юм шиг харагдуулах гэж бүү хичээ. Алдахыг чинь харахаар харамсах юм.


Заримдаа та нарыг гомдоож, бүр гутрахад хүргэдгээ мэдэж байна. Надад өгсөн зүйл чинь надаас хүссэн зүйлээс чинь илүү байдаггүйг мэдэж байна.


Дээр дурдсан хүсэлтүүд маань их санагдаж байвал заримыг нь хасч болно. Харин намайг байгаагаар минь хайрлах сэтгэл тань бүү ганхах болтугай.


Та нар надаас "Үлгэр жишээч хүүхэд" болохыг хүсэхгүй биз дээ, би ч гэсэн та нараас өөгүй эцэг эх болохыг хүсэхгүй. Зөөлөн сэтгэлтэй, намайг ойлгож чаддаг байхад л болоо.


Та хоёрын хүүхэд болж төрөх нь миний сонголт биш байсан ч хэрвээ сонголт хийх эрхтэй байсан бол, та хоёроос өөр хүний хүүхэд болохыг хүсэхгүй байх байсан.


Хайрт хүүхдээс чинь

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.