Tuesday, May 11, 2010

Зорилго

Нэгэн сургуулийн хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар өнгөрсөн шөнө орсон цасаар тоглож байлаа. Сургуулийн хашаа цав цагаан зузаан цасаар хучигдсан байсан нь хүүхдүүдийн хувьд ёстой л нэг жаргалын орон мэт байсан ба тэд ухаанаа алдан тоглож байв. Багш нь тэдэнд хандан:

-Хүүхдүүд ээ, нэг тоглоом тоглоцгооё. Хашааны нэг талаас нөгөө тал хүртэл цасан дээр огт муруйлгүй, жижиг жижгээр алхаж хүрсэн хүүхэд түрүүлэх болно. Түрүүлсэн хүүхэд шагналтай шүү гэлээ.

Хүүхдүүд ч хазайлгүйгээр нөгөө талд хүрэхийг дор бүрнээ хичээн алхаж эхлэв. Бүгд дууссаны дараа багш хана түшүүлэн тавьсан шатан дээр гаран шалгатал нэг хүүхдээс бусад нь ямар нэгэн байдлаар хазайсан байлаа. Харин тэр хүүхдийнх ямар ч өөгүй тэгш байсанд багш маш их гайхаж, тэр хүүхдээс яаж ингэж явж чадсаныг нь асуухад хүү:

-Алимны модыг чиглээд л яваад байсан юм аа гэв.

Багш сайн ойлгоогүй тул дахин лавлаж асуухад хүү:

-Багш аа, би хөл рүүгээ биш, харин хашааны нөгөө талд байгаа алимны модноос нүдээ огт салгаагүй юм. Замд байгаа өөр юунд ч анхаарлаа хандуулахгүй зөвхөн хүрэх цэг рүүгээ хараад л яваад байсан чинь ингэж тэгш алхаж чадлаа гэж хариулав.

Багш энэ хүүгээс маш том зүйл сурч авчээ. Хүн зөвхөн зорилго руугаа чиглэсэн тохиолдолд л түүндээ хүрч чадна, эс тэгвээс өөр зүйлст тээглэн хазайх болно.

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.