Tuesday, September 7, 2010

Хана уу? Гүүр үү?



Маш удаан хугацааны турш хамт амьдарсан ах дүү хоёр байжээ. Нэгэн өдөр тэр хоёрын хооронд үл ойлголцох асуудал үүсч гэнэ. Ах дүү хоёрын дунд анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд энэ явдал нь даамжирсаар ах дүүгийн харьцааг нь таслав. Тэд бие биедээ гомдоод зогсохгүй олон жил хамт хэрэглэсэн тариан талбай болон хөдөө аж ахуйн багаж хэрэгслээ ч салгацгаав.

Ялихгүй үйл ойлголцлоос болж хамаг зүйлээ салгаад зогсохгүй бие биедээ муу үг чулуудах болов. Тэдний хоорондын хүчтэй хэрүүл маргаан эцэстээ бие биеэсээ зугтсан чив чимээгүй амьдрал болон хувирлаа. Нэгэн өглөө ахынх нь гэрт нэгэн мужаан иржээ. Тэрээр гартаа том гэгч нь мужааны цүнх барьсан байлаа.

Гэрийн эзнээс ямар нэгэн хийлгэх ажил байгаа эсэхийг ийнхүү асуув:
-Их бага гэлгүй ямар нэгэн хийх ажил байвал танд тус болох гэсэн юм. Ямар ч ажил байсан хэдхэн өдрийн дотор хийж дуусгана гэхэд
-Тийм ээ, чамаар хийлгэх нэг ажил байна хэмээн дүүгийнхээ тариалан руу заан
-Тэр голын нөгөө талд манай хөршийнх байдаг юм. Өөрөөр хэлбэл, манай дүүгийн тариалангийн талбай байгаа. Өнгөрсөн долоо хоногийг хүртэл энэ талбай бид хоёрын дундых байсан юм. Харин тэр суваг татаж, хамтдаа эзэмшиж байсан газрын дундуур гол урсгасан гэв.

Ажил хайж ирсэн хүн түүний яриаг анхааралтай сонссоны дараа түүнээс ингэж асуув.
-Та надаар юу хийлгэмээр байна?
-Дүү маань намайг зовоохын тулд үүнийг хийсэн байх. Тиймээс би одоо түүний хийснээс илүү том зүйл хийх болно. Ах нь ингэж хэлээд мужааныг дагуулан малын хашаанд очоод тэнд байсан модыг харуулаад, тэр модоор хоёр тариалангийн хооронд гурван метр өндөр хана хийлгэхийг хүсэж байгаагаа хэлэв. Тэрээр мужаанд хандан
-Та хэдэн өдөр ч ажиллаж болно. Өөрөө мэдээд хий. Гол нь миний нүд дүүгийнхээ талбайг харахыг хүсэхгүй байна гэв. Мужаан толгойгоо дохин
-Таны байдлыг ойлголоо гэлээ.

Ах нь мужаанд хэрэгтэй бүх багаж хэрэгслийг өгөн ажиллах газрыг нь зааж өгсний дараа худалдаа хийхээр тосгон руу явжээ. Мужаан бүтэн өдрийн турш хэмжиж, огтолж, хадан ажлаа маш эрчимтэй хийв. Орой нар жаргах үед тэр ажлаа дуусгасан байлаа. Энэ үед ах нь худалдаагаа дуусгаад ирж байв. Тариалангийн талбайд ирэнгүүтээ ах нь мужааны хийсэн гүүрийг хараад нүд нь орой дээрээ гартал гайхжээ. Мужаан хананы оронд сувгийн нэг эргээс нөгөө эрэг хүртэл сунасан сүрлэг сайхан гүүр барьсан байв. Энэ нь яг л урлагийн бүтээл гэмээр үнэхээр сайхан гүүр байлаа. Ийнхүү гайхшран зогсож байтал өөдөөс нь нэг хүн өөрийг нь чиглэн ирж байв. Сайн хартал түүний хөрш буюу дүү нь байжээ. Дүү нь гараа алдлан гүүрний нөгөө талаас ирж байлаа. Дүү нь
-Миний танд үйлдсэн олон буруу зүйл болон хэлсэн муухай үгнүүдийн оронд энэ гүүрийг хийлгэснээр та өөрийгөө ямар ухаантай, ямар агуу хүн болохоо надад харууллаа. Та ч гэсэн гараа алдлан над дээр ирээч гэлээ.

Тэд гүүрний хоёр үзүүрээс бие бие рүүгээ гүйн гүүрний голд ирээд чангаар тэврэлдэв. Ах нь эргээд харахдаа цүнхэндээ юм хумаа цуглуулан хийчээд явахыг завдаж буй мужааныг харлаа. Тэгээд
-Та битгий яваач. Хүлээгээрэй. Танаар хийлгэх ажил дахиад байна гэхэд мужаан
-Би эндэх ажлаа бүгдийг нь хийчихлээ. Одоо би явах хэрэгтэй. Надад дахиад барих хэрэгтэй зөндөө гүүр байна гэжээ.

Хүмүүсийн харилцаанд үргэлж гүүр нь болж яваарай.


Сургамжит өгүүллэг 3-аас...

2 comments:

  1. Сэтгэл хөдлөж байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна.
    Гэхдээ би гүүр болж чаддаг болов уу?

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.