Friday, August 20, 2010

Албаар давхраа оруулж ирээд л...


Би сайхан хөлтэй хүүхэн биш. Үүнийг бүх хүн мэддэг. Тиймээс зарим сайхан хөлтэй эмэгтэйчүүдийг хараад бүдүүн булчинтай өөрийнхөө хөлийг толинд харахаар бүр их уур хүрдэг. Гэвч тахир дутуу, тэргэнцэртэй явдаг хүнтэй таарахдаа, өөрийнхөө цагаан манжин шиг бүдүүн хөлийг хараад баярлах сэтгэл төрдөг юм.
Сайхан хөлтэй хүүхнүүд шиг очих очихгүй газраар яваад байхгүй зүгээр ч юм шиг. Тийм биш гэж үү?

Би сайхан нүдтэй хүн биш. Нэг хэсэг давхраатай хөөрхөн нүд хараад, өөрийнхөө нүдэнд гараараа давхраа оруулж, "ийм байсан бол хөөрхөн байхгүй юу" гээд л ганцаараа ярьдаг байлаа. Гэвч хараагүй хүнтэй уулзаад, давхраагүй ч гэсэн юм хардаг нүдтэйдээ баярлах болсон. Тэд нарын хүсэж байгаа номыг уншиж, бичлэг тавьж, бас дуу хурааж байхдаа тэдний нүд нь болж өгөхдөө давхраа ямар хамаатай юм бэ гэж бодох болсон. 

Нүд хөлнөөс гадна дуу хоолой ч гэсэн адилхан. Гоё дуулдаг хүнийг хараад атаархдаг байсан. Эмнэлэгт ажилладаг байхад өвчин зовлондоо шаналсан өвчтөнүүдэд магтаалын дуу дуулж өгөхийг үнэхээр их хүсдэг байлаа. Гэвч солгой, бүдүүн хоолойгоор дуулбал бүр их зовоох юм шиг санагдаж, тэгэх болгондоо Бурханаас сайхан дуу хоолой өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйдаг байж билээ. Удаан хугацааны турш ямар ч хариулт авсангүй. Хоёр гурван хүний өмнө гарвал ичээд юу ч хийж чаддаггүй байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа хэлгүй хүмүүстэй уулзав. Хэдийгээр миний дуу хоолой галууных шиг баргил бүдүүн боловч чанга дуугаар магтаалын дуу дуулж чаддагтаа хичнээн их баярласан гээч. Хэлгүй хүн ярьж ч, сонсож ч чадахгүй шүү дээ. Муухай хоолойтой ч гэсэн тэдний чих, дуу хоолой болж тус болсондоо, тэдний зовлонгоос хуваалцсандаа хичнээн их баярласан гээч. Гоё сайхан хоолойтой болоод гэм нүгэл үйлдсэнээс өөрийгөө захирч, хэрэгтэй үед хэрэгтэй үг хэлж, дуу хоолойгоо залбиралд зориулахад хичнээн сайхан гээч. Хэлгүй, дүлий хүмүүстэй уулзсанаасаа хойш хоолойгоо голохоо больж, бүр эсрэгээр дохионы хэл сурч, тэдний хэл, чих нь болох болсон.

Би бүдүүн хөл, давхраагүй нүд, солгой хоолой, бас дээр нь бусдын хамгаалалт хэрэггүй эр хүнийх шиг бадриун хүчтэй гартайдаа баярлаж эхэлсэн. Хараагүй хүүхдүүд миний гарыг барингаа "Эгч ээ, та бүдүүн юм аа" гэхэд нь би "Үгүй" гэж зүтгэдэг. "Үгүй ээ, гар минь л бүдүүн байхгүй юу даа /үнэндээ бүх биеэрээ бүдүүн л дээ/ гэдэг. Гэсэн ч хүүхдүүд намайг бүдүүн гэж боддог.

Эр хүнийх шиг гараа харахаар уур хүрдэг боловч бүдүүн боловч эрүүл гар минь гэж бодох болсон. Олон цагаар дохионы орчуулга хийсэн ч ерөөсөө өвддөггүй, түүгээр ч зогсохгүй тархины харвалттай хүмүүсийг тэргэнцэрт суулгаад түрэхэд хэрэг болдог хүчирхэг гартай гэж боддог.

Гэрлэхийн өмнө өөртөө уур хүрээд хоолоо хасаж, бус ус уухгүй байж үзлээ. Гэвч миний сул талууд эсрэгээрээ хүчирхэг талууд минь байжээ. Би өөрийгөө тэгж үзэхгүй л бол хэн намайг муухай биетэй гэж бодох билээ дээ. Одоо би өөртөө итгэлтэй амьдарч байгаа. 

Үнэндээ тахир дутуу, тэр нь бүр хүндэрсэн тахир дутуу хүмүүс хичнээн баяр хөөртэй амьдардаг гээч. Тэд надад бүтээлийн зүй тогтлыг ойлгуулж өгсөн. Үнэндээ гадаад төрхөөсөө болоод бүхий л амьдралынхаа туршид өөрийгөө бусдаас доогуур үзэж амьдрах хэрэггүй биз дээ. Сайхан хүн гэж туранхай, сайхан хөлтэй, давхраатай алаг нүдтэй байхаас илүү дотоод сэтгэл нь сайхан хүнийг хэлдэг юм.


Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...

4 comments:

  1. Buh zuiliig iluu dutuugui ogson Burhand talarhaj bna

    ReplyDelete
  2. hehe..bi bas yag ingej boddog bsan...Unendee buh zuil n tegsh haragdaj bga humuusiig harangaa ooriigoo goldog bsan..Bi l gantsaaraa iim yum shig..Gehdee unendee nadaas hetsuu ter humuusiig harahdaa oortoo bga sul taluudaa eruul bgad n bayarladag bsaaaan...Odoonoos ingej bodohguigeer amidranaaa...Bayarlalaa^^

    ReplyDelete
  3. neg ch gesen hun uuniig unshaad bodloo oorchilj, uram avsand uneheer bayartai bna. tanii buh zuil saihan gedegt itgej bna. ^^

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.