Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байсан тул онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг, бас нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж авч суугаад номоо шимтэн уншингаа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг авч идээд байгааг анзаарахгүй байж чадсангүй.
Уур нь хүрсэн эмэгтэй "Хэрвээ би боловсон хүн биш байсан бол энэ залууг нэг сайн дэлсээд авахгүй юу!" гэж бодож байлаа. Эмэгтэйг жигнэмэг рүүгээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч үгүй гараа сунгаж байв. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр ганц жигнэмэгтэй үлдэв. Бүсгүй, одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунган үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугийн энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа.
Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхэллээ. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж, хурдан гэгч нь цүнх номоо аваад босов. Бүсгүй "Жигнэмэгийн хулгайч" руу эргэж харсангүй. Ингээд онгоцондоо орж, сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулснаа гэнэт дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. "Энэ чинь одоо юу вэ? Энэ минийх юм бол... Яана аа!" гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлэхгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгээ хүртэл хуваажээ.
Уучлалт гуйхад хэтэрхий оройтсоныг ойлголоо. Хүний юмыг зөвшөөрөлгүй хээв нэг дураараа авч идсэн "Жигнэмэгийн хулгайч" нь өөрөө байв.
he he.:) funny! Byryyg bysdaas bys uuruusuu ehleed haih heregtei deg shu
ReplyDelete